Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-т


Densmaa 2017-06-06 07:06

Энэ жилийн Дэлхийн байгаль хамгаалах өдрийг “Хүн байгалийн хүйн холбоо” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэлээ.

     1972 онд НҮБ-ын Ерөнхий чуулганаас жил бүрийн 6 сарын 05-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Энэ өдөр нь дэлхий даяараа  байгаль орчныг хамгаалах бүтэн жилийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилдаг, зорилтоо дэвшүүлдэг томоохон үйл ажиллагаа юм.

Энэ жилийн Дэлхийн байгаль хамгаалах өдрийг “Хүн байгалийн хүйн холбоо” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэлээ. Энэ хүрээнд БОАЖЯ-ны зүгээс хүн байгалийн хооронд үгүй болж буй шүтэн барилдлагыг сэргээхийн тулд олон арга хэмжээг зохион байгуулжээ. Тухайлбал, иргэдийн оролцоон дээр суурилсан байгаль хамгаалах системийг нэвтрүүлсэн байна. Мөн эх болсон байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэхүйг бага балчир насанд нь суулгах үүднээс Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт нэмэлт чиглэл оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ мэтчилэн иргэдэд экологийн боловсрол олгох соён гэгээрүүлэх ажилд багагүй анхаарал хандуулж байна. 

Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулжээ.

  БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Батжаргал: Хүн байгалийн хүйн холбоо уриан дор Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэх, бодлого үйл ажиллагаагаа сурталчиллаа. Үүнээс гадна манай салбарын хэмжээнд олон улсын төсөл хөтөлбөрүүд ихээр хэрэгжиж байгаа. Нийт 38 төсөл хөтөлбөр хэрэгжиж, үйл ажиллагаа явуулж байна. Үүнийгээ сурталчлан аль салбар, байгууллагатай иргэд холбогдож, хамтарч ажиллаж болох талаар иргэдэд мөн мэдээ мэдээлэл өгөх зорилготой. 2017 оныг НҮБ-аас “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарласан. Манай улсын хувьд аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор манай яамны Аялал жуулчлалын хэлтэс өнгөрсөн 2 өдөр үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаа мөн Нээлттэй халгааны өдөрлөгөөр үргэлжилж байна.

     Монгол улс 1992 онд баталсан ардчилсан үндсэн хуулиараа Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Хүний эрүүл, аюулгүй орчныг хангах ажлын хүрээнд төрөөс байгаль орчныг хамгаалах талаар бодлого, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж иржээ.

1921-1990 оны хугацаанд хэрэгжиж байсан байгаль хамгаалах албан ёсны хуулийн заалтуудыг нэгтгэн улам боловсронгуй болгож 1995 оноос “Байгаль орчныг хамгаалах тухай” тусгай хууль, “Байгалийн ургамлын тухай”, “Байгалийн ургамлыг ашигласны төлөөх төлбөрийн тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” гэх мэт хуулиудыг баталжээ.

Үүний зэрэгцээ дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинэлэг нээлт, нэгдсэн шийдвэртэй хөл нийлүүлэн хөгжих зорилго тавьж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан гэрээ, конвенциудыг соёрхон баталж, нэгдэн ороод байна. 1993 оны 9 сарын 30-ны өдөр Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцид Монгол улс анх нэгдэж орсноос хойш одоогоор манай улс байгаль орчны чиглэлийн олон улсын 11 конвенци, 3 протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны “Тал” болсон байна.

Түүнчлэн Олон улсын байгууллага, зарим гадаад орны буцалтгүй тусламжаар байгаль орчны салбарт 10 гаруй урт, богино хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжиж, байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ. Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрийн талаар БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Батжаргалаас тодрууллаа.

   Н.Батжаргал: Герман Монголын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Тусгай хамгаалалттай газруудын менежментийг бэхжүүлэх цэвэр хөрөнгө оруулалтын ажлууд явж байна. Нийт 33 хамгаалалтын захиргааг хамаарч Монгол орны зүүн, баруун, төв гээд нийт нутаг дэвсгэрийг хамаарч хэрэгжих нийт 21,5 сая еврогийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна. 2-р шатны энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Германы судлаачид манай оронд ирж ажиллаж байна. Мөн нэг онцолж хэлэхээр төсөл бол 2015 онд БОАЖ-ын сайдын санаачилгаар Гэр хорооллын цэвэрлэх байгууламжуудыг сайжруулах ийм төслийн санаачилга явж байсан. Энэ жил биеллээ олж саяхан нээлтээ хийлээ. Үүнийг АХБ-ны санхүүжилтээр МУ-ын ЗГ хамтраад 5 сая долларын өртөг бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлж явуулж байна. Гэр хорооллын цэвэрлэх байгууламжийн стандарт, технологийн жишиг загварыг бий болгох ийм томоохон төсөл хэрэгжих болсонд баяртай байна.

     Монголчууд эрт дээр цагаас байгаль хамгаалах,байгалийн баялгийг ариг гамтай ашиглах, нөхөн сэргээхэд ихээхэн анхаарч  төрийн  бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болгож холбогдох хууль цаазын бичигтээ тусгасаар ирсэн баялаг уламжлалтай билээ. Эдгээрээс тойм төдий дурдахад “Их засаг” хууль “Алтан хааны цааз”, 164O оны Ойрад цааз, ”Халх журам зэрэг сурвалж бичгүүдэд байгаль хамгаалах асуудлыг тодорхой заалтуудаар зохицуулж байжээ.

Түүнчлэн шашны сургаалийг байгаль хамгаалахад  ихээхэн ашиглаж байсан нь сүсэг бишрэл ихтэй монголчуудын хувьд  цаг үеэ олсон зөв арга байсан талаар манай эрдэмтэн мэргэд тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүний сонгодог тодорхой жишээ бол 13-р зууны үеийн шашин төрийн хууль цаазын бичиг “Арван буянт номын цагаан түүх” юм.

Монголчуудын байгаль орчинтой харьцах энэхүү уламжлал нь байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг хувь хүнд төлөвшүүлэх хүмүүжлийн өвөрмөц арга болж монголын хүн амын ихэнх хэсгийн дотор эдүгээг хүртэл уламжлагдан иржээ. Энэ нь өнөөгийн шинжлэх ухааны томъёоллоор бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох төрийн бодлогын уламжлалт шинж чанарыг нотлох нэг баримт гэж үзэж болно хэмээн нэрт эрдэмтэн Чоймаа нэгэнтээ өгүүлсэн билээ.

 

 

Үзсэн: 3950

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна