Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

"Монголын Геологи Хайгуул 2018" чуулга уулзалт боллоо.


Densmaa 2018-04-04 04:04

Монголын Геологичид Арав дахь удаагийн уулзалтаа зохион байгууллаа.

   Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар “Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалт Улаанбаатар хотноо боллоо. 10 дахь удаагийн энэхүү чуулга уулзалтыг Уул уурхай  хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал  газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд УУХҮ сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр, Японы ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ямашита Акихито нар болон орон нутгийн төлөөллүүд оролцлоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Сумъяабазар чуулга уулзалтыг нээсэн юм.

Сумъяабазар: Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд геологийн судлагааны ажлыг 13,3 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх бөгөөд батлагдсан төсвөөр 1-ийг харьцах таван мянганы масштабын геологийн зураглал ерөнхий эрлийн ажлыг үргэлжүүлэн хэрэгжүүлэх 18 төсөл, шинээр эхлэх 6, улсын геологийн 1-ийг харьцах 200.000-ны масштабын иж бүрдэл зургуудыг хавтгайн хэмжээнд нэгтгэх 1, сэдэвчилсэн судлагааны ажлын 3, гадаадын хамтын ажиллагааны 1 төслийг гүйцэтгэхээр тус тус төлөвлөөд байна. Геологийн судлагааны ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор чулуулгийн үнэмлэхүй насны шинжилгээг уран, хар тугалгын аргаар хийх техник тоног төхөөрөмжийг худалдаж авахаар ажиллаж байна. Ингэснээр 2018 оны 4-р улирлаас чулуулгийн үнэмлэхүй насыг эх орондоо тодорхойлох бүрэн боломж нээгдэнэ. Бид бүхэн Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 онуудад хийж гүйцэтгэсэн хуучнаар ЗХУ-ын геологийн судлагааны ажлын тайланг ОХУ-аас хүлээн авсан. Эдгээр тайлан материалууд нь МУ-ын геологийн фондын санд орсноор МУ-ын геологи, ашигт малтмалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд Монгол орны геологийн шинжлэх ухаан эрдэс түүхий эдийн салбарт үнэлгээ өгөхөд чухал мэдээлэл өгөх үнэ цэнэтэй материал болно. Тодруулан онцлоход, нүүрс, газрын тос, алт, жонш, уран зэрэг олон арван ашигт малтмалын чиглэлээр мэдээллийн санг арвижуулан баяжуулсан, эрдэс баялгийн түүхийн эдийн сан хөмрөгийг нэмэгдүүлсэн, геологийн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг цохон дурьдах нь зүйтэй юм.

“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтад оролцогчид Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, региональ болон ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тавьсан юм. Мөн “Геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “Геологи, хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Чуулганы ач холбогдлын талаар УУХҮЯ-ны геологийн бодлогын газрын дарга Мөнхтөрөөс тодруулсан юм.  

Мөнхтөр: Өнөөдрийн өндөрлөгөөс харахад энэхүү чуулга уулзалт маань үндэсний хэмжээний том арга хэмжээ болжээ. Олон улсын байгууллага, дотоод гадаадын бүх аж ахуйн нэгжүүд төр захиргааны байгууллагууд, ААН-үүд бүгд оролцож байна. Чуулганаас гарсан зөвлөмж, салбарынхны санаа бодлыг төр засгийн бодлогод шууд тусгаж ажилладгаараа энэ арга хэмжээний чухал ач холбогдол оршино гэлээ.

Манай улсын эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд алт, зэс зэрэг зарим ашигт малтмалын олборлолтын хэмжээ нэмэгджээ. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна. Ашигт малтмал газрын тосны газрын дарга Хэрлэн ярьж байна.

Хэрлэн: Өнгөрсөн 2017 онд манай агентлаг геологи хайгуулын хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулагчдын шаардлага хэрэгцээнд нийцсэн мэдээ мэдээллээр хангах, мөн цахим мэдээллийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Австрали 2 улсын хоорондын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн геологийн мэдээллийн каталог систем нь олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн гео орон зайн форумаас 2018 оны геологи хайгуулын шилдэг бүтээлээр шалгарсан нь бидний зорьсон ажлын томоохон үр дүн юм. Геологи хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын хүрээнд 8,6 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөн орон нутгаас санал авах ажил хийгдэж дуусаад сонгон шалгаруулалт хийгдэх бэлтгэл ажил эхлээд явж байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хайгуул ашиглалтын ажлыг эрчимжүүлж газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэх зорилгоор газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд 2018 онд 250 сая орчим ам долларын хөрөнгө оруулалт хийж, 1 сая гаруй тонн газрын тос олборлон 223,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэсэн юм.     

Чуулга уулзалтын үеэр Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, төслийн үзэсгэлэнгээс гадна “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулсан юм. Мөн “Алтны эпитермаль ордын геологи загвар, эрэл хайгуулын арга аргачлал”, “Зайнаас тандан судлах арга, аргачлалыг геологи хайгуулд хэрэглэх нь” сэдвүүдээр Монгол Улсын их сургууль дээр сургалт зохион байгуулжээ.

Сонирхуулахад, Монгол орны геологийн тогтоцын тухай анхны баримт мэдээ 18-19-р зууны үед Н.М.Прежевальский, М.Б.Потанин зэрэг Оросын нэрт эрдэмтдийн удирдсан оросын газар зүйн экспедиц, цэргийн мэргэжилтнүүд, худалдаачдын хийсэн судалгааны үр дүнд гарч эхэлжээ. Тэдний аян замын тэмдэглэл, зохиол бүтээлүүд дэлхий нийтэд Монгол орны байгалийн нөөц баялаг, түүх дурсгалын үнэт зүйлсийн тухай, ард түмний аж байдалтай танилцахад ихээхэн тус дөхөм үзүүлсэн байна.

1923 онд Оросын ШУА-ийн эрдэмтэн И.П.Рачковскийн ахалсан геологийн экспедиц Монголд ирж ажилласнаар геологийн судалгааны ажлын эхлэл тавигджээ. 1925 онд Оросын ШУА-ийн ерөнхийлөгч В.Л.Комаровын удирдсан “Монголын комисс” байгуулагдсанаар монгол оронд геологийн судалгааг өргөн явуулах боломж нээгдсэн байна.

Харин 1939 онд тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд Уул уурхай, ашигт малтмалын трест байгуулагдсанаар манай геологийн салбарын түүх албан ёсоор эхэлдэг. Тус алба байгуулагдсанаасаа хойш эхний ээлжинд жижиг масштабын геологийн зураглалаар нутаг дэвсгэрийг бүрхэх, ашигт малтмалын ирээдүй бүхий талбайд дунд болон том масштабын зураглал хийх ажлуудыг гүйцэтгэсээр ирсэн байна. Үүний үр дүнд одоогийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрийн 99.9 хувьд дунд, 31.1 хувьд том масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийж байна.

Монгол улсад геологийн алба үүсч хөгжсөний 79 жилийн ой, үндэсний геологич мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Үзсэн: 1696

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна