Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ


Densmaa 2022-09-19 11:09

Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол" болох зорилт тавин ажиллаж байна

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж-аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.         Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудалд улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн дэлхий даяар үнийн өсөлт-инфляц нэмэгдэж, дэлхийн улс орнууд хоол хүнс, эрчим хүч, нефть шатахуун болон бусад амин чухал бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгааг дурдав. Иймд улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулж, цаашид хүнс экспортлогч улс болохыг зорьж байгааг онцоллоо. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн  урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

Үзсэн: 484

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна