Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган болж байна


Densmaa 2024-02-02 10:02

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төсөлд тусгах орон нутгийн хөгжлийн асуудлын талаар хэлэлцэж байна.

Монгол Улс бүсчилсэн хөгжлийн талаар ярьж байгаа ч бодит байдал дээр хөдөө орон нутгийг хөгжүүлэх чиглэлд хангалттай ажил хийхгүй байна. Энэ байдлыг засах зорилгоор Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан юм. “Монголын эдийн засгийн форум-Бүсчилсэн хөгжлийн форум”-ыг 2024 оны 2 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус форум нь Үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй энэхүү бодлогын ойлголтыг нэгтгэх, санал дүгнэлтийг боловсруулах зорилготой юм.

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ,

"Монгол Улсын Засгийн газар 2024 оны төсвийн жилийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд зориулан ажиллахаар төлөвлөсөн.

7000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу 2022 онд дуусгасан. Энэ жил үүний үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлнэ. 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно.

Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 нэгж хувийг эхний 3 жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлнэ.

Мөн орон нутагт орон сууц шинээр барих, түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд татварын бодлогоор дэмжинэ.

Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд 2024 оны 4 дүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Мөн орон нутгийн нэмэгдлийг хөдөөгийн сумдад үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож олгоно.

Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.

Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ" гэсэн юм.

      Эдийн засгийн чуулганы залуучуудад чиглэсэн нээлттэй үйл ажиллагаа болох "Mongolian Economic Forum-Youth Perspective" арга хэмжээ Чингис хаан музейд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээ нь нийслэл төдийгүй 21 аймгийн хүүхэд, залуучуудын төлөөллийг оролцуулж бүс, орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн чиг хандлага, алсын хараа, хөгжих боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой юм. Тус арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нээж үг хэлэхдээ, Улс орны хөгжлийг хөдөлгөх гол хүч нь тухайн улсын залуус, залуу ажиллах хүч, оюутан суралцагчид байдаг. Учир нь залуу үе дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, инноваци, технологийн хөгжил, даяаршил, дижиталчлалын ололт амжилтыг тухайн улс, бүс орон нутагт хамгийн хурдтай нэвтрүүлэх, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс хөгжлийн бодлогод залуусын санаа бодлыг тусгах нь хамгийн чухал гэдгийг онцоллоо.

 

Үзсэн: 1206

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна