Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Хөх сувд-2024” мөсний баяр боллоо


Densmaa 2024-03-07 10:03

“Хөх сувд” мөсний баяр 3 дугаар сарын 2,3-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал Тосгон Хайчийн аманд боллоо.

    Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн Хөвсгөл нуурыг дэлхийн арван долоон эртний нуурын нэг хэмээн үздэг бөгөөд хоёр сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон. Манай орны умард хэсэгт орших энэхүү нуурын ус нь цэвэр, эрдэс болон органик давс тун бага, гүн хэсгийн ус нь хүчилтөрөгчөөр баян. Мөн уулын горхины ус шиг тув тунгалаг учир олон арван метрийн гүн дэх загас жараахай ил харагдана. Хөвсгөл далай Монгол улсын цэвэр усны нөөцийн 96 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр хувийг эзэлдэг. Мөнх цаст сүрлэг уулсаас эх авсан зуугаад гол горхи энэ нуурт цутгадаг тул монголчууд цэнгэг уст энэ нуураа “Монгол далай” буюу “Далай ээж” хэмээн дээдэлдэг юм. Далай ээж 11 дүгээр сарын эцсээр хөлдөж, 1-1,5 м зузаан мөсөөр хучигддаг бөгөөд жил бүрийн хавар зохион зохион байгуулж ирсэн “Хөх сувд” мөсний баяр 3 дугаар сарын 2,3-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал Тосгон Хайчийн аманд боллоо.

Болор талст дээлээ өмссөн Далай ээж хүүхдийн инээд хөөр, хүмүүсийн хөгжил цэнгэл, хонх жингэнүүлсэн чаргатай морьдын хатираанд хоёр хоног налайн өнжлөө. Монгол оронд өвлийн ес эхэлсэн үед Хөвсгөл далайн ойр орчим шөнөдөө - 40, өдөртөө -30 хэм хүрч хүйтэрдэг хэдий ч баяр тохиосон энэ өдрүүдэд Далай ээж дулаан энгэрээ нээж, зочдоо угтлаа. Энэ удаагийн “Хөх сувд” мөсний баяр Хатгал тосгоны Хөвсгөл нуурын эрэг, Хүй Толгойн урд Хайчийн аманд болсон юм. Баярын үеэр цаг агаар тогтуун бага зэргийн салхитай байсан бөгөөд өдөртөө 0-4 градус дулаан, шөнөдөө 14-16 градус хүйтэн өдрүүд тохиолоо.

Гоёмсог хээ хуар бүхий чаргатай морьд хөлөглөсөн нутгийн залуус булга, минж, үнэгэн лоовууз, үндэсний дээл хувцсаараа гоёсон охид бүсгүйчүүд мөсний баяр Монголынх гэдгийг тодотгон мэдрүүлэх мэт. Энэ жилийн мөсний баярт гадаад дотоодын 50 мянга гаруй хүн оролцжээ.

    Хоёр өдөр үргэлжилсэн мөсний баярын хүрээнд “Хөх баавгай” урлагийн тоглолт, Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл урлагийн илэрхийлэл болсон Qirwa Anka хамтлагийн тоглолт, мөсөн дээрх олс таталт, тахтай морины чарганы уралдаан, олон ястны хоолны үзүүлбэр, мөсөн дээрх сумо бөхийн тэмцээн, бөөгийн галын тахилга, мөсөн шагайн тэмцээн зэрэг олон арга хэмжээ боллоо. Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважавын тус арга хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ:

    "Хөвсгөл далай ээж маань дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол Улсын цэвэр усны нөөцийн 74.5 хувийг эзэлдэг, хоёр сая орчим жилийн настай, ийм сайхан байгалийн тогтоц бүхий Далай ээж маань байгаа юм. Бид энэ мөсний баярыг 25 дахь жилдээ буюу 22 дахь удаагаа ийнхүү зохион байгуулж байна. Энэ удаагийн мөсний баярыг зохион байгуулахад БОАЖЯ, Соёлын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбоо, Төрийн болон ТББ-ууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгуулагууд хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн мөсний баярын нэг онцлог нь Мөс урлаачдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Далай ээж дээрээ анх удаа зохион байгуулж байна. Далай ээж, Хөвсгөл аймагт байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд МУ-ын ерөнхийлөгч, МУ-ын Засгийн газраас онцгойлон анхаарч, Тогтвортой аялал жуулчлал төслийг хэрэгжүүлж 55 тэрбум төгрөгөөр хатуу хучилттай зам, Хог хаягдлын болон цэвэрлэх байгууламж, Мэдээллийн цэг гээд бид Байгалийн аялал жуулачлалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон олон сайхан бүтээн байгуулалтыг хийж байна. Цаашдаа бид Хөвсгөл нуураа Байгаль нууртай холбосон Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Ханх Мондын боомтыг сэргээх, зам харилцааг сэргээх дэд бүтцийг сайжруулахад Засгийн газар их хурлын гишүүд бүхий л түвшиндөө анхааран ажиллаж байна" гэлээ.

     Мөсөн гулгуур, чаргатай морь, тэшүүр, мөсний шагай, нүд баясгам мөсөн хөшөө, баримал гээд баярын өдрүүдийн бүх зүйл далай, мөс, хүн гурвын хүйн холбоог илтгэж байлаа. Баярт оролцогсод мөсөн хотхоноор аялан, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөн, дугуйчдын мөсөн үзүүлбэр хийгээд нутгийн уран бүтээлчдийн олон угсаатны онцлогийг харуулсан дуу хуур, бүжиг наадам үзэх зэрэг олон арга хэмжээнд хамрагдан, тоглож наадсан юм. Мөсний баярын үеэр ирсэн зочдын хамгийн их сонирхдог мөсөн хотхоныг энэ жил олон улсын наадамд амжилттай оролцож байсан урлаач тэргүүтэй уран бүтээлчид чөлөөт сэдвийн хүрээнд урлажээ.  

   Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар: Цэврээс цэвэр, цэнгэгээс цэнгэг гэсэн уриан дор Хөвсгөл нуурын байгаль экологийг цаашид яаж хайрлан хамгаалах уу гэдэг энэ сэдвийн хүрээнд мөсөн урлангууд голчлон хийгдсэн. Байгаль нуурын аялал жуулчлал, Харбины аялал жуулчлал, Аляскад болж байгаа аялал жуулчлалын эвентийн шилдэг арга хэмжээнүүдээс туршлага судалж, зохион байгуулаад явж байгаа. Мөсөн хотхон, мөсөн урлангийн үйл ажиллагаанд гэхэд Улаанбаатар хотоос 4 баг, Увс аймгаас 1 баг, Хөвсгөл аймгаас 10-аад баг гээд 80-аад хүн тогтмол ажилласан.    

     Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан мөсөн хотхонд ховордсон амьтан, хүүхэд багачуудын тоглох, гулгах мөсөн талбай, мөсөн гэр, чаргатай морь зэрэг бүтээлийг мөсөөр урласан нь цугласан олны сонирхлыг их татаж байлаа. Өдөр нь наранд гялтганаж, шөнө нь гэрэлд тодорсон мөсөн сийлбэр, мөсөн фонууд аялагчдын зургаа татуулах бас нэг гоёл нь байсан юм.

   2022 онд Францын Парис хотноо болсон НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлаар Хөвсгөл нуурыг тус хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгэжээ. Ингэснээр нуур, 1.7 сая га газрыг хамгаалж, эко системийг сайжруулахад шаардлагатай дэмжлэг туслалцааг ЮНЕСКО-гоос авах боломжтой болсон юм. “Хүн ба шим мандал” хөтөлбөр нь хүн, байгалийн зохистой харьцааг дэмжих, байгаль орчныг бохирдуулах, байгаль экологид сөрөг нөлөө бүхий санаатай болон санаандгүй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлдэг дэлхийн сүлжээ хөтөлбөр билээ.

Түүнчлэн Хөвсгөл аймагт Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Хөх баавгай” төслийг Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Монгол улсын Засгийн газар бүсчилсэн хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилго хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймаг сум бүр үйлдвэрлэлийн төвтэй болох, энэ бодлого, агуулга, концепцийг гаргасан. Ханх Мондын боомт, бага Элэнхийн боомтыг ашиглалтанд оруулж, боомт дагасан худалдаа, өрхийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой байлгах энэ тогтолцоо Хөвсгөл аймагт “Хөх баавгай” төсөл хөтөлбөрийн хүрээнд үргэлжилж байна. Азийн хөгжлийн банк, БОАЖЯ, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Хөх баавгай” төсөл албан ёсоор эхлээд явж байгаа. Цаашдаа бид Хөх баавгай төслөөр дамжуулж Хөвсгөл аймагт маш олон дотоодын үйлдвэрлэл, худалдааг эхлэх боломжийг бүрдүүлэхээр Монгол улсын Засгийн газар ажиллаж байна.

    Мөсний баярын хамгийн сонирхолтой нь тахтай морьдын уралдаан байдаг. Монголд төдийгүй дэлхийд ч ганц байж мэдэх ийм уралдаан өнөөдөр Хөвсгөлийн тэр дундаа, Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн том бүтээгдэхүүн болоод байна. Мөсөн дээр морийг хатируулж сургана гэдэг их нарийн арга, ухаан.

Говийн морийг далай дээр авчирвал уралдах нь байтугай далайгаас ус ууж ч чадахгүй авшина хэмээн уралдааныг зохион байгуулагч ярьж байсан юм. Далай өөрөө дуутай учраас дасаагүй морьд цочдог гэж байлаа. Харин нутгийн морьдын хувьд далайтай харьцах харьцаа нь огт өөр. Толь шиг тунгалаг газар, мөсөн дээр ойсон өөрийнхөө дүрсийг хараад адгуус хатирдаг, давхидаг нь морь, мөс хоёрын хооронд үүсдэг нарийн харьцаа гэлээ. Тахтай морин чарганы уралдааныг зөвхөн хөвсгөлчүүд биш Монгол даяараа гоёх, бахархах учиртай гэдгийг мөсний баярт оролцогсод илэрхийлж байлаа.

2000 онд болсон анхны Мөсний баярт 6 тахтай морин чарга уралдаж байсан бол энэ удаад 50 гаруй уяачид оролцсон нь нь мөсний баярын цар хүрээ улам өргөжин тэлсний нэг жишээ юм.

1990-ээд он хүртэл Хөвсгөлийн тайга, нуурын орчмын нутгийнхны уналга эдэлгээний гол хэрэгсэл нь морин чарга байсан гэдэг. Энэ ахуй соёлыг уламжлан авч үлдэх зорилго ч мөсний баярт оршдог. Анхны мөсний баярыг санаачлагч, байгаль хамгаалагч Д.Лхагвацогт агсан нутгийнхаа чаргатай айл айлаар орж, чаргаа засч сэлбээд наадамд оролцохыг уриалж, өөрөө хамт сэлбэж засалцдаг байжээ. 10 морин чаргатай эхэлж байсан уралдаан өнөөдөр өргөжиж, морь чарганууд нь улам гоёмсог болж,  үр хүүхдүүд нь энэ соёлыг өвлөн тээж явна.

Мөн тус баярын бас нэгэн онцлог зүйл нь Дүрслэх урлагийн нэгэн төрөл болох мөсөн сийлбэр, урлагийн дахин давтагдашгүй бүтээл болон амилсан явдал байлаа. Морь, ирвэс, буга зэрэг амьтдаас эхлээд мөсөн урц, хуяг дуулгат эртний баатрыг уран чамин дүрсэлсэн мөсөн баримлууд хурсан олны сонирхлыг ихэд татаж байсан юм. Баярт оролцсон зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлээс нь сонсоход "Энэ удаагийн Мөсний баяр их сайхан болж байна. Мөсөөр хүмүүс маш сайхан бүтээл хийсэн байна. Үүнийг хараад сэтгэл их хөдөлж байна, байртай байна. Баярт оролцогсдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд гадаад дотоодоос мөсөн урлал хийхээр ирсэн урчууд их ирсэн байна. Мөн хүмүүс ч их оролцож их сайхан болж байна. Далайн зах дээр байгаль үнэхээр сайхан байна. Энэ баярт гадаадын жуулчдаас эхлээд хүмүүс их оролцож байна. Урлаачид мөсөөр их сайхан зүйлс хийсэн байна. Хүйтэн сэрүүнд маш их хөдөлмөр зарцуулж 10 гаруй хоног бүтээлээ хийжээ. Мөсний сийлбэр үнэхээр сайхан байна" гэж ярьж байлаа.

    Мөсний баярыг Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, аялал жуулчлалыг дэмжин орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2000 оноос эхлэн зохион байгуулж байна.

Хөвгөл нуурыг зорин очсон гийчид Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл нуур болон онгон зэрлэг төрхөө хадгалж үлдсэн үзэсгэлэнт байгалиар аялахыг хүсдэг. Аялагчдын сонирхлыг Хөвсгөл аймгийн хойд хэсэгт бөө мөргөлөө хадгалан үлдсэн ард түмэн, тайгад цаа маллан амьдрах амьдралын өвөрмөц хэв маяг бүхий цаатан иргэд, 300-аад том жижиг нуур, гол мөрөн бүхий үзэсгэлэнт “Дархадын хотгор”, эртний бөө мөргөлийн тахилгатай “Даян дээрхийн агуй” зэрэг нь гойд их татдаг. Түүнчлэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр нэн эртний үеэс хүн оршин сууж байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой. Тухайлбал, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2-3 метр өндөр 14 эртний буган хөшөө бүхий цогцолбор, 3-4 метр өндөр хиргисүүр, хүн чулуун хөшөө, Хубилай хааны ордны туурь, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг олон түүхийн дурсгалт зүйлс, эртний бөө мөргөлийн шүтээн “Даян дээрхийн агуй” зэрэг өвөрмөц үзмэрүүд ихтэй.

Мөн анагаах чадлаараа алдартай Булнай, Салбарт, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцал, Гантигт зэрэг халуу, хүйтэн рашаан элбэг бөгөөд эдгэээрийг түшиглэн амралт, сувиллын газрууд ажилладаг.

Хоймор нутгийн Хорьдол Сарьдагийг дархан цаазат газар, Хөвсгөл нуур, Улаан тайга, Даян дээрхийг улсын тусгай хамгаалалттай газарт бүртгэсэн байдаг бөгөөд энэхүү онгон дагшин байгалийг үзэж сонирхох дотоод, гадаадын жуулчдын тоо жилээс жилд өсч байгаа юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 94 жуулчны бааз, 132 гэр буудал, 8 зочид буудал, 15 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна. Нэг ээлжиндээ 7000 орчим жуулчин хүлээн авах боломжтой. Монголд ирж буй нийт жуулчдын 20 орчим хувь нь Хөвсгөл аймгийг зорин очдог гэсэн судалгаа бий.

   Энэ жилийн мөсний баяр Хатгал тосгоны Хөвсгөл нуурын эрэг, Хүй Толгойн урд Хайчийн аманд өргөн дэлгэр болж, Далай ээж болор мөнгөн талстынхаа үзэсгэлэн гоог бас дахин гайхуулсан билээ.

Үзсэн: 859

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна