“И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-д зочиллоо
И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршиж байжээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-д зочилж, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршиж байжээ. Түүний алдар гавьяа, монголчуудын төлөөх сэтгэл зүтгэлийг нь үнэлж, Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнаж байв. И Тэ Жүн эмч 38 насандаа таалал төгсөх хүртлээ VIII Богд Жавзандамба хутагтын ойрын хүрээлэлд ажиллаж байсан. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газраас түүний дурсгалыг хүндэтгэн 2001 онд “И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-г Улаанбаатар хотноо байгуулсан бол тус цэцэрлэгт хүрээлэнд 2009 онд БНСУ-ын Эх оронч, ахмад дайчдын хэрэг эрхлэх агентлагийн дэмжлэгээр дурсгалын музей байгуулжээ.
Үзсэн: 2077
Tweet