“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
ШУА өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ. Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж байна. ШУА нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж ирснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Мөн Их эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн академийн хамт олон, үе үеийн академич, эрдэмтэн судлаач нарт төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, эрдэм бүтээлийн амжилт хүсэн ерөөлөө. Түүнчлэн хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн мэндийг ард иргэдэд өргөн дэвшүүлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар, улсын төсвийн 154 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 74 мянган кв.м талбайд барьж буй Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор удахгүй нээлтээ хийх гэж байна. Цогцолборт салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын танхим, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлана. Шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн төв болох энэ цогцолборт ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3,300 орчим эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.
Үзсэн: 329
Tweet