Стратегийн худалдааны менежментийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Элчин сайд Буанган “Монгол Улс амлалтаа илэрхийлсэн. Одоо тэр амлалтаа хууль болгон, урт хугацааны үр дүнд хүргэх цаг иржээ” гэж өөрийн үгэндээ онцлов
Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон АНУ-ын Төрийн департментын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын албанаас Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл, НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн албатай хамтран стратегийн худалдааны менежментийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн хүсэлтээр зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, UNODA, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын бусад түнш байгууллагын мэргэжилтнүүд оролцож байна. Элчин сайд Ричард Буанган хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Терроризмтой тэмцэх зөвлөлийн манлайлалд талархал илэрхийлээд, зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээр Монгол Улсын олон жилийн турш гаргасан хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа цохон тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсгээс ангид статус болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022 онд хүргүүлсэн зэргийг онцоллоо. Элчин сайд Буанган: “Эмзэг технологиуд урьд өмнөхөөс илүү хурдан, илүү олон сувгаар дамжиж байна” гээд “Зэвсэг дэлгэрүүлэгчид хамгийн сул холбоос буюу хууль тогтоомждоо цоорхойтой, хэрэгжилт нь сул эсвэл эрх зүйн иж бүрэн тогтолцоо бүрэлдээгүй улсыг хайдаг. Зэвсэг дэлгэрүүлэгчдэд аливаа улс ийм боломж олгох ёсгүй” гэжээ. Монгол Улсын экспортын хяналтын хууль тогтоомжийг боловсруулах үйл явцыг дахин эрчимжүүлж, цаашид авах алхмуудаа зөвшилцөж тодорхойлохыг Элчин сайд Буанган оролцогчдод уриалав. Үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэхэд УИХ-ын гишүүд, яамд, прокурор, шүүгчид бүгд өөрийн гэсэн үүрэгтэйг тэрээр онцоллоо. Мөн “Экспортын хатуу хяналт худалдааг хязгаарладаггүй харин боломж бий болгодог” хэмээгээд сайн экспортын хяналт худалдааг дэмждэг талаар тайлбарлаж хэлэхдээ “Экспортын хяналтын иж бүрэн хууль тогтоомж нь Монгол Улсыг итгэл даахуйц түнш гэдгийг дэлхийд илэрхийлэх бөгөөд эдийн засгийн зорилтуудыг нь шууд дэмжих болно” хэмээн нэмж хэлэв. Тус хэлэлцүүлэг нь Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр UNODA-гаас Монголын гаалийн алба хаагчдад зориулан Австрали, Солонгос, Герман, OSCE-ын мэргэжилтнүүдийг авчран зохион байгуулагдаж байна. Сургалтаар гаалийн алба хаагчид стратегийн эмзэг барааг таних, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсын хэмжээнд ажиллаж буй бусад албан хаагчдыг сургах ур чадвараа бэхжүүлсэн юм. Мөн өнгөрсөн сард УИХ-ын хоёр гишүүн болон холбогдох албаны хүмүүс Индонезийн Жакарта хотод EXBS-ийн зохион байгуулсан Экспортын хяналтын асуудлаарх Зүүн Өмнөд Азийн форумд оролцсон. EXBS нь түнш орнууд өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн экспортын хяналтын тогтолцоог бий болгоход тусалдаг бөгөөд үүнд хууль эрх зүйн орчин, зөвшөөрөл олголт, хууль сахиулах, хилийн аюулгүй байдал зэрэг чиглэл багтана. Монгол Улс хууль тогтоомжоо боловсруулах ажлыг урагшлуулж буй энэ үед EXBS-ийн зүгээс хууль, дүрэм журмын үнэлгээ хийх, бусад орны экспортын хяналтын хуулиудын харьцуулсан судалгаа шинжилгээгээр хангах, байгууллага хоорондын хамтын ажиллагааны сайн туршлагыг хуваалцах, хууль сахиулах болон зөвшөөрөл олгох албан хаагчдыг чадавхижуулах зэргээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлсээр байх болно. Энэхүү хүчин чармайлтын төлөө Монгол Улсын талд АНУ тууштай зогсож байгааг Элчин сайд Буанган онцлоод “Монгол Улс амлалтаа илэрхийлсэн. Одоо тэр амлалтаа хууль болгон, урт хугацааны үр дүнд хүргэх цаг иржээ” гэж өөрийн хэлсэн үгээ өндөрлүүлэв.
Үзсэн: 277
Tweet