НҮБ-ын Суурин зохицуулагчдын ээлжит уулзалт болов
Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын багийн одоогийн бүтцийг хэвээр хадгалж, хангалттай санхүүжилтээр тогтмол хангах нь манай улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэв
Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Суурин зохицуулагчдын ээлжит уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн оролцов. Уг уулзалтын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчид болон гишүүн орнуудын төлөөлөгчдийн хэлэлцүүлэг болж, улс орны түвшинд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг урагшлуулан дэмжихийн тулд суурин зохицуулагчдын үүрэг оролцоог НҮБ-ын Удирдлагын багийн чадавхид тулгуурлан хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Эл хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг ахиулахад НҮБ-ын Суурин зохицуулагч болон Удирдлагын багийн үзүүлж буй дэмжлэг туслалцаанд талархал илэрхийлсний зэрэгцээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад НҮБ-аас оруулсан хувь нэмрийг цохон тэмдэглэв. Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын багийн одоогийн бүтцийг хэвээр хадгалж, тогтвортой бөгөөд хангалттай санхүүжилтээр хангах нь манай улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.
Үзсэн: 12
Tweet