Казахстан Монголын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зорилт танилцуулах уулзалт боллоо
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакынов зочдод Казахстаны хөгжлийн чиг хандлага болон Ерөнхийлөгчийн илгээлтэд дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудыг танилцуулав
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ард түмэндээ хандаж дэвшүүлсэн илгээлтийн талаар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд мэдээлэл өгч, казах-монголын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зорилтыг танилцуулах уулзалт боллоо. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакынов зочдод Казахстаны хөгжлийн чиг хандлага болон Ерөнхийлөгчийн илгээлтэд дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудыг танилцуулсан. Мөн Казахстан улс эдийн засгийн шинэ загварыг бүрдүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, атомын эрчим хүчийг хөгжүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйг шинэчлэх, цахимжуулах болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав. Эдгээр санаачилга нь Монгол Улсын гадаад худалдааны чиглэлийг төрөлжүүлж, Казахстанаар дамжин Кавказ, Турк, Ойрх Дорнод болон Европын зах зээлд хүрэх боломжийг өргөжүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн хоёр улсын эрх бүхий байгууллагууд дөт зам нээх асуудлаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж байгааг онцоллоо. Хоёр талын хамтын ажиллагааны хувьд 2024 онд Казахстаны Ерөнхийлөгчийн Монгол Улсад, 2026 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстан Улсад хийсэн харилцан төрийн айлчлал нь стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд түлхэц болсныг тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын Төрийн тэргүүн нарын хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх тухай тохиролцоо, Засгийн газар хоорондын комиссын 10 дугаар хуралдааны мөрөөр хийгдэх ажлууд, хөдөө аж ахуй, мах боловсруулах, уул уурхайн үйлдвэрлэл, эрчим хүч, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны салбар дахь хамтын ажиллагааны талаар танилцууллаа. Элчин сайд 2027 онд Казахстан, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглээд, хамтын түүх, нүүдэлчдийн өв соёлд тулгуурласан эртний найрамдлын харилцааг бодит эдийн засгийн төслүүдээр баяжуулахын чухлыг илэрхийллээ.
Үзсэн: 16
Tweet