“Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо
Усны нөөцийг үнэлэх, хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах шинжлэх ухааны үндэслэлтэй арга зам, инженерийн шийдлүүдийг танилцуулсан байна
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 15 жилийн ойг тохиолдуулан “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд зохион байгууллаа. Тус хурал Монгол орны усны нөөцийг судлах, хамгаалах, зохистой ашиглах, усны салбарын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн хөгжлийг дэмжих зорилготой. Хурлын үеэр шалгарсан 17 илтгэгч эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, Монгол орны цэнгэг усны нөөцийн өнөөгийн төлөв, усны экосистемийн хамгаалал, чанар, бохирдол, гадаргын болон газрын доорх усны судалгаа, усны нөөцийн менежментийн асуудал хэлэлцэв. Түүнчлэн ус хангамж, ариутгах татуургын инженерчлэл, дэвшилтэт технологи, уур амьсгалын өөрчлөлтийн усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж, усны нөөцийг үнэлэх, хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах шинжлэх ухааны үндэслэлтэй арга зам, инженерийн шийдлүүдийг танилцуулсан байна. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт, цэнгэг усны хомсдол, усны бохирдол, экосистемийн доройтол эрчимжиж буй энэ үед Монгол орны усны нөөцийн тархалт, хүртээмж, чанарыг судалж, хамгаалах асуудал улам бүр чухал болж байгаа юм. Тус хурал нь эрдэмтэн, судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн судалгааны үр дүнг нэгтгэхээс гадна төр, шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой ажээ.
Үзсэн: 10
Tweet