Тэнгэрийн сүлдэт жанжин Сүбээдэй
Монгол бахархалын өдөрт
Монголын тал нутгаас эхэлсэн нэгэн их жанжны цэргийн замнал Ази, Европын өргөн уудам газар нутгийг туулж, дэлхийн цэрэг дайны түүхэнд гүнзгий ул мөр үлдээжээ. Тэр бол Их эзэн Чингис хааны дөрвөн хүлэг баатрын нэг, Монголын эзэнт гүрний өрлөг жанжин Сүбээдэй баатар юм. Түүний нэрийг өнөөдөр Монголын түүхийн хуудаснаас гадна дэлхийн цэргийн түүх судлал, стратеги, тактикийн бүтээлүүдээс олж харж болно. Тэрээр дан ганц олон удаагийн аян дайнд ялалт байгуулсан жанжин байсангүй. Харин цэргийн хүчийг хэрхэн зохион байгуулах, асар хол зайд хэрхэн удирдан хөдөлгөх, дайсны хүчийг хэрхэн тарамдуулах, өөрт ашигтай нөхцөлийг хэрхэн бий болгох талаар өөрийн цаг үеэсээ хол давсан арга ухааныг харуулсан цэргийн гарамгай сэтгэгч байв. Монголчуудын хувьд Сүбээдэй жанжныг дурсах нь өнгөрсөн үеийн ялалт, сүр хүчийг бахдан ярих төдий хэрэг биш юм. Энэ бол өвөг дээдсийнхээ оюун ухаан, зохион байгуулах чадвар, алсын хараа, төр улсаа бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг дахин танин мэдэх боломж билээ.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол улсын сүр хүч бадрахад
Морин туурайн төвөргөөн дэлхийн талыг доргиож,
Хөх их тугийн сүлд алтан наранд гялалзахад
Хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн
Хүлэг баатар Сүбээдэй жанжин тодорсон билээ!
Сүбээдэй баатар бол Чингис хааны дэргэдээс тодрон гарч, Их Монгол Улсын төр, цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан жанжин юм. Тэрээр Чингис хааны үеэс цэрэг, төрийн их үйл хэрэгт оролцож, Өгэдэй хааны үед ч зүтгэлээ үргэлжлүүлсэн бөгөөд Монголын эзэнт гүрний цэрэг армийн үйл ажиллагааг өргөн хүрээнд удирдан зохион байгуулжээ. Монголын цэргийн түүх судлаачид Сүбээдэй жанжны түүхэн гавьяаг үнэлэхдээ түүнийг дэлхий дахинд суу алдар нь түгсэн, Монголын төр, цэргийн түүхэнд онцгой байр суурь эзлэх эрхэм хүмүүн хэмээн тодорхойлдог.
Эндээс нэгэн чухал асуулт урган гарна. XIII зуунд амьдарч байсан Монгол жанжин өнөөдөр хүртэл дэлхийн цэргийн судлаачдын анхаарлыг татах болсон шалтгаан юу вэ? Сүбээдэй жанжны цэргийн ур чадварыг ойлгохын тулд түүний удирдсан аян дайны цар хүрээ, хамгийн гол нь дайныг төлөвлөж, хэрэгжүүлсэн арга барилыг авч үзэх хэрэгтэй. Түүний стратегийн онцлогийн нэг нь дайсныг зөвхөн талбар дээрх хүчээр бус мэдээлэл, цаг хугацаа, орон зай, сэтгэл зүйн давуу талаа ашиглан ялахад оршиж байв. Тухайлбал, дайсныг хуурч төөрөгдүүлэх, ухарч буй мэт дүр үзүүлэн цэргийн хүчийг нь задлах, хэд хэдэн чиглэлээс зэрэг довтлох, гол хүчийг нь хүссэн байрлалдаа татан оруулах зэрэг арга нь Монгол цэргийн уламжлалт хөдөлгөөнт дайны урлагийн өндөр хөгжсөн хэлбэр байлаа. Түүхч, судлаач Тимоти Мэй Монголын цэргийн урлагийн талаар бичихдээ хөдөлгөөнт морин цэрэг, нум сумны хүч, хуурамч ухралт, бүслэн хаах маневр зэргийг нэгэн цогц систем болгон ашиглаж байсныг онцолсон. Өөрөөр хэлбэл, Монгол цэрэг зөвхөн хурдан давхиж, хүчтэй харвадаг байснаараа ялгарсангүй. Харин дайсныг хөдөлгөөнд оруулж, түүний сул талыг олж, шийдвэрлэх мөчид бүх хүчээ төвлөрүүлэн цохилт өгөх чадвараараа онцгойрчээ. Сүбээдэй жанжин энэ уламжлалт арга барилыг өргөн хүрээний стратеги, олон чиглэлийн ажиллагаатай уялдуулан хөгжүүлсэн нь түүний цэргийн сэтгэлгээний нэгэн томоохон онцлог юм.
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Х. Шагдар:
Сүбээдэй баатар Чингис хаанд ирснээр дотоодын 14 дайнд орсон. Дотоод, гадаад нийлвэл 60 гаруй дайн тулаалдаанд орж ялалт байгуулсан гэж түүхчид үздэг. 60 гаруй тулалдаанд орсон жанжин дэлхийн түүхэнд байхгүй зүйл. XX зуун хүртэл ухралтыг урвалт гэж үздэг байлаа. Сталины үед ч, Гитлерийн үед ч тэгж үздэг байсан. Харин манайх хуурамч ухралтыг хийдэг, зориудаар ухарч араасаа хөөлгөөд ард нь отож бүсэлдэг арга хэрэглэдэг байсан. Ингэж ухардаг тактик дэлхийн түүхэнд байхгүй байсан. Сартуул цаашилбал Армян, Гүржийн цэргийг ч тэр аргаар ялж байсан. Оросын цэрэгтэй байлдахдаа 12 хоног айсан болж ухарч зугтаж байгаад морьдыг нь эцээж, эцэст нь бүслээд ялж байсан. Тэгэхээр манай Монголын цэргийн тактик бол ухралт, бүслэлт хоёр байсан. Монголын жанждын энэ аргыг тэр үеийн дэлхий мэддэггүй байсан тул олноороо ялагддаг байсан.
Сүбээдэй жанжны алсын хараа, маневрын ур чадварыг харуулах нэгэн тод жишээ бол Чингис хааны Хорезм улстай хийсэн дайн юм. 1219 оноос эхэлсэн Хорезмын эсрэг аян дайны явцад Сүбээдэй, Зэв жанжны хамт Султан Мухаммедыг мөрдөн хөөх үүрэг хүлээжээ. Тэд дайсны гол хүчнээс холдон, урьдчилан таамаглахад бэрх чиглэлээр хөдөлж, Кавказын нурууг даван, Каспийн тэнгисийн орчмын нутгуудаар дамжин цэргийн ажиллагаа явуулсан байна. Энэ бол зүгээр нэг хөөж мөшгөсөн ажиллагаа бус, урьд өмнө нь хангалттай судлагдаагүй газар нутагт цэрэг хөдөлгөж, дайсны хүч, газар орны нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулсан томоохон стратегийн ажиллагаа байжээ. Сүбээдэй жанжин ийм эрсдэлтэй ажиллагаанд зөвхөн өөрийн цэргийг төдийгүй Чингис хааны угсааны хан хөвүүдээр удирдуулдаг байсан нь түүний онцгой итгэл, цэргийн зохион байгуулах чадварыг харуулдаг. Тухайлбал, 1229 оны Алтан улстай хийсэн дайны үед Чингис хааны отгон хүү Тулуйгаар цэргийн хүчээ удирдуулж Сүн улсын нутгаар дамжуулан хөдөлгөх ажиллагааг зохион байгуулсан байна. Ингэснээр Алтан улсын цэргийн гол хүчийг Монголын үндсэн давшилтын чиглэлээс өөр тийш татах нөхцөл бүрдүүлж ялалт байгуулсан аж.
Их хөлгөн цадиг сангийн тэргүүн М.Түмэннаст:
Сүбээдэй жанжныг Монгол цэргийн ерөнхий командлагч болж байх үед ерөнхийдөө Чингис хааны гол түшиг тулгуур болж байсан их дөрвөн жанжид болон 9 арлагийн хэн нь ч амьд сэрүүн байгаагүй. Сүбээдэй байсан. Тэрээр цэрэг удирдаад, Өгөөдэй хаан болон түүний дараах бүр Гүег хааны үед ч гэсэн Их Монгол улсын цэргийн үйл хэргийг үргэлжлүүлэн удирдаад явж байсан ийм гайхалтай түүхэн хүн юм. Энэ хүний урт удаан хугацааны амьдрал, гайхалтай түүхэн баялаг замнал нь асар их боловч түүнтэй дүйцүүлэх юм бол энэ хүний цэргийн замналын талаарх мэдээлэл харьцангуй бага, чамлалттай мэт харагддаг. Түүхэн материал мэдээллийн бараг 70-80 хувь нь гадаад хэл дээр байгаа тул орчин үеийн түүх судлаачид, монголын цэрэг дайны уламжлалыг сонирхсон залуучуудын хувьд хийж судалж бүтээх зүйл асар их үлдсэн байна. Их хөлгөн цадиг сан нь Монголын эзэнт гүрний түүх хийгээд Монголын цэрэг дайны өв уламжлалын сэдвээр бичсэн гадаадын судаач эрдэмтдийн бичсэн бүтээлийг монгол хэлнээ орчуулж залуу хойч үедээ өвлүүлэх зорилготой. Бидний анхны бүтээл болох Канадын нэрт эрдэмтэн, цэргийн ухааны шинжээч Габриэл Ричардын 2004 онд анх хэвлүүлж, 2007 онд 2 дахиа хэвлүүлсэн “Чингис хааны аугаа жанжин Сүбээдэй” номыг монгол хэлнээ 2025 онд орчуулж, цуврал бүтээлүүдийнхээ түүчээ болгон хэвлүүлээд байна. Энэ номонд өгүүлэгдэж байгаа зүйлсийн зарим маань практикийн мэдээллүүд нь Америкийн Нэгдсэн Улсын батлан хамгаалахын дээд түвшний офицеруудад боловсрол олгодог академийн олон жилийн судалгаа шинжилгээний суурин дээр бүтээгдсэн ном байдаг. Өөрөөр хэлбэл Монголын зэвсэгт хүчний үйл уламжлалтай холбоотой Америкийн Нэгдсэн Улсын цэргийн командлалын дээд түвшний офицеруудын он жил дараалан хийсэн олон жилийн нөр их хөдөлмөрөөр бий болсон бүтээлүүд дээр тулгуурлаж байснаараа энэ ном бол онцлогтой. Үүгээрээ би юу гэж зөвлөх гэж байна вэ гэхээр Монголчуудын цэрэг дайны үеийг ер нь улс төрийг засаглах ухааны ч гэсэн ямархуу түвшинд хийж, ямар стратеги, тактик баримталж бүтээдэг байсан тухай ялангуяа манай залуучууд, залуу боловсон хүчнүүд, ялангуяа энэ хүчний байгууллагууд, цэрэг дайны боловсролын залуучууд маань энэ номыг олж уншиж, өөрсдөө шаардлагатай мэдээллийг олж байгаасай гэж хүсэж байна.
Сүбээдэй жанжны нэрийг дэлхийн цэргийн түүхэнд онцгойлон үлдээсэн хамгийн том ажиллагааны нэг бол XIII зууны Монголын баруун зүгт хийсэн аян дайн юм. 1235 оны Их хуралдайгаар Өгэдэй хааны зарлигаар эхэлсэн баруун зүгийн их аян дайнд Бат хаан тэргүүлж байсан бол Сүбээдэй жанжин цэргийн ажиллагааны гол удирдагчийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ аян дайны явцад Монголын цэрэг Ижил мөрний Булгар, Кипчак, Оросын ванлигууд, Польш, Унгарын нутагт хүрч, Европын улс төр, цэргийн түүхэнд томоохон өөрчлөлт авчирсан юм. Энэ ажиллагааны хамгийн сонирхолтой тал нь Монголын цэрэг нэг чиглэлд төвлөрөн давшсангүй. Харин хэд хэдэн томоохон хүч болгон хувааж, өөр өөр чиглэлээр хөдөлгөсөн ч тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулсан явдал байв. 1241 оны дөрөвдүгээр сард Польшийн Легницийн орчимд Монголын цэрэг Европын нэгдсэн хүчийг ялсан бол үүнтэй бараг зэрэгцэн Унгарын нутагт Сайо голын орчимд шийдвэрлэх тулалдаан өрнөжээ. Сайо голын тулалдаан бол Сүбээдэй жанжны цэргийн урлагийн онцлогийг харуулах чухал жишээ юм. Монголын цэрэг Унгарын цэргийн бэхлэгдсэн байрлалтай тулгарах үед зөвхөн шууд довтолгоонд найдалгүй, голын гарц, гүүр, дайсны хамгаалалтын байрлал, цэргийн хөдөлгөөнийг нарийн тооцоолсон байна. Голын үндсэн гарц руу нэг хэсэг хүчээр довтлохын зэрэгцээ өөр нэг хэсгийг голын доод хэсгээр нэвтрүүлж, дайсныг олон талаас нь шахан бүслэх ажиллагаа явуулжээ. Мөн оньсон харвуул зэрэг бүслэлтийн зэвсгийг ашигласан нь тухайн үеийн Монгол цэргийн зэвсэглэл, инженерийн мэдлэг, бусад ард түмний цэргийн технологийг өөрийн армийн ажиллагаанд нэгтгэж чаддаг байсныг харуулдаг. Түүхч Тимоти Мэй Монголчууд Сайо голын тулалдаанд оньсон харвуулыг зөвхөн цайз, хэрэм эзлэхэд бус хээрийн тулалдаанд ч ашиглаж байсныг онцолсон байдаг. Энэ бол цэргийн хүчний давуу тал зөвхөн хүний тоо, зэвсгийн хүчин чадлаар хэмжигдэхгүй, харин тухайн нөхцөлд байгаа боломж, мэдлэг, технологийг хэрхэн ашиглаж байгаагаас хамаардгийн түүхэн жишээ юм.
Сүбээдэй жанжны цэргийн стратеги тактик дэлхийн бусад суут жанждынхтай харьцуулахад онцлогтой талаар цэргийн түүх судлаачид онцолсон байдаг. Тухайлбал эртний Македоны Александр асар хол газар нутгийг туулж, цэргийн хүчээрээ олон улс орныг эрхшээлдээ оруулсан. Түүний аян дайны гол онцлог нь хурдтай довтолгоо, шийдвэрлэх тулалдаанд хүчээ төвлөрүүлэх, дайсны гол хүчийг шууд бут цохиход оршиж байсэн гэдэг. Харин Наполеон Бонапарт цэргийн хүчийг олон корпус болгон зохион байгуулж, тэдгээрийг тус тусад нь хөдөлгөх боловч шийдвэрлэх мөчид нэг цэгт төвлөрүүлэн цохилт өгөх арга барилаараа Европын цэргийн түүхэнд шинэ хуудас нээжээ. Эдгээр жанждын цэргийн урлаг өөр өөрийн цаг үе, газар орны нөхцөлд гайхамшигтай амжилт авчирсан билээ.
Сүбээдэй жанжныг тэдэнтэй харьцуулахад хамгийн тод харагдах онцлог нь асар өргөн газар нутагт олон чиглэлийн цэргийн ажиллагааг уялдуулан зохион байгуулж, дайсныг зөвхөн нэг тулалдаанаар бус бүхэл бүтэн стратегийн төлөвлөгөөний хүрээнд ялахыг зорьдог байсанд оршино. Түүний удирдсан цэрэг хөдөлгөөнт морин цэргийн хүч, тагнуулын мэдээлэл, хуурамч ухралт, бүслэлт, оньсон зэвсэг, олон чиглэлийн давшилтыг нэгтгэн ашиглаж байв. Түүхч Фредерик Свердруп Сүбээдэйн удирдсан аян дайны цар хүрээг онцлон үнэлсэн байдаг. Гэхдээ суут жанждыг зөвхөн туулсан километр, эзэлсэн газар нутгаар нь эрэмбэлэх боломжгүй. Учир нь тэд өөр өөр цаг үеийн улс төр, газар зүй, цэргийн зохион байгуулалтын нөхцөлд ажиллаж байсан юм. Харин Сүбээдэй жанжныг онцгойруулдаг зүйл бол XIII зууны техник, харилцаа холбооны хязгаарлагдмал нөхцөлд асар хол зайд цэргийн хүчийг зохион байгуулж, олон фронтын ажиллагааг нэгэн зорилгод захируулж чадсан явдал юм. Тиймээс түүнийг зөвхөн байлдан дагуулагч бус цэргийн ажиллагааг өргөн хүрээнд төлөвлөх, удирдах сэтгэлгээний өндөр түвшинд хүрсэн жанжин гэж үнэлэх үндэслэлтэй.
Тиймдээ ч Сүбээдэй жанжны тухай гадаадын эрдэмтэн, судлаачдын үнэлгээ ч анхаарал татдаг.
Оросын нэрт эрдэмтэн Лев Гумилев түүнийг Монголын эзэнт гүрний түүхэнд онцгой байр суурь эзэлсэн жанжин хэмээн үнэлсэн бол Английн түүхч Жозеф Саундерс Хойд Хятад дахь Монголын цэргийн командлагчдаас Сүбээдэйг хамгийн гарамгай стратегич гэж тодорхойлжээ. Мөн цэргийн түүхч доктор Анжело Караважжио түүний цэргийн ур чадварыг өнөөгийн цэргийн академиудад судалдаг стратеги, тактикийн олон ойлголттой холбон тайлбарласан байдаг. Гэвч Сүбээдэй жанжны тухай судалгаанд нэг чухал асуудал бий. Түүний намтар, цэргийн үйл ажиллагааны тухай мэдээлэл Монголын болон гадаадын олон орны сурвалжид тархай бутархай хадгалагдан үлджээ. Иймээс Сүбээдэй жанжны түүхэн үйл хэрэг, гавьяаг зөвхөн нэг улсын сурвалжид үндэслэн тайлбарлах бус Монгол, Хятад, Перс, Араб, Орос болон Европын түүхэн эх сурвалжыг харьцуулан судлах нь чухал юм. Түүний намтар, үйл ажиллагааг нарийвчлан тодруулж, Монголын төдийгүй дэлхийн цэргийн түүхэнд оруулсан хувь нэмрийг бодитой үнэлэхийн зэрэгцээ өвөг дээдсээрээ бахархах үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, цаашлаад түүний стратеги, арга барилаас орчин үеийн улс төр, бизнесийн салбарт хэрэгжүүлж болох санаа, сургамжийг эрэлхийлэх нь судалгааны ажлын гол зорилгуудын нэг болохыг Батлан хамгаалахын дэд сайд, доктор, хошууч генерал Д.Баасандамба онцлон тэмдэглэсэн юм.
Батлан хамгаалахын дэд сайд, доктор, хошууч генерал Д.Баасандамба:
Өнөөдөр Сүбээдэй жанжны стратегийг зөвхөн дайнд ялсан дэлхийн арга ухаан гэж үзэхээс гадна бизнесийн үйл ажиллагаа явуулах стратегийн зарчмуудын тоонд оруулж авч үзэж байна. Тухайлбал Сүбээдэй жанжны гүн фронтын буюу хамгийн өргөн далайцтай шуурхай маневр хийдэг байсан энэ аргыг өнөөгийн бизнесийн тэлэлтэд, улс төрийн болон геополитикийн бодлогын нөлөөгөө дэлхийн өнцөг булан бүрийн улс үндэстэнд тараах зэрэгт ашиглаж байна. Сүбээдэй жанжны шаардлагатай цэгт хамгийн чухал хүчээ төвлөрүүлэх замаар шийдвэрлэх цохилт өгдөг байсан аргыг өнөөдөр дэлхийн цэрэг улс төрийн болон бизнесийн зах зээлд хамгийн оновчтой зорилтот бүлгийг тодорхойлох, улс төрийн хамгийн оновчтой харилцаа холбоо тогтоохтой холбоотой асуудалд ашиглаж байна. Сүбээдэй жанжны цэргийн тагнуулын болон Европоор нэг тарсан тэр олон түмэн цэргүүдийг маш богино хугацаанд нэгтгэн удирдаж байсан стратеги удирдлагын зарчмыг өнөөдөр Америк болон Европ, дэлхийн цэргийн ажиллагаанд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл өргөн уудам нутаг дэвсгэрт тархсан байгаа том цэргийн салбаруудыг удирдаг тэр стратеги нэгдсэн удирдлагын зарчмуудыг Сүбээдэйн тактикаас авч хэрэглэж байна. Зөвхөн цэргийн тагнуулаас гадна эдийн засгийн хүн ам зүй нутаг дэвсгэрийн гээд стратегийн тагнуулыг явуулдаг байсан Сүбээдэйн арга тактикийг өнөөдөр дэлхийн улс орнууд аюулгүй байдлаа хангах сэргийлэх ажиллагааг явуулахдаа ашиглаж байна. Мөн өрсөлдөгч болон одоо сөрөг талуудынхаа үйл ажиллагааг дүгнэхдээ энэ аргыг ашигладаг. Ингээд үзэх юм бол Монголын төр цэргийн үйлийг эрхэлж байсан жанжин мэргэдүүдээс өнөөгийн Монголын төрийн бодлогод авч хэрэгжүүлэх үнэт зүйл сургамж зүйл их байна.
Өнөөдөр дэлхий даяар даяаршлын сорилттой нүүр тулж буй хүүхэд, залуусын хувьд монголоороо бахархах, үндэстнээрээ нэгдэн нягтрах хүсэл эрмэлзэл бий. Харин тэрхүү бахархлыг зөвхөн уриа лоозонгоор бус бодит түүх, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаар тэтгэх шаардлагатай. Сүбээдэй жанжны амьдрал, үйл хэрэг бидэнд алсын хараа, сахилга зохион байгуулалт, мэдлэг туршлага, хамтын ажиллагаа, нөхцөл байдалд ухаалгаар дасан зохицохын үнэ цэнийг харуулж байна. Тэрээр XIII зуунд амьдарч, өөрийн цаг үеийн хамгийн өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаануудыг удирдсан ч түүний тухай судалгаа өнөөдөр ч үргэлжилсээр байна. Найман зууны тэртээх Монгол жанжны стратеги, цэргийн урлагийг дэлхийн эрдэмтэд судалж, түүхчид бүтээл туурвиж, цэргийн мэргэжилтнүүд хэлэлцэж байгаа нь түүний үлдээсэн өвийн үнэ цэнийг илтгэнэ. Харин бидний хувьд тэр өвийг зөвхөн бахархлын үг болгон үлдээх бус, судалж, шинжилж, хойч үедээ өвлүүлж, дэлхий дахинд үнэн зөвөөр таниулах нь чухал юм.
Монгол бахархал гэдэг нь зөвхөн өнгөрсөн үеэ дээдлэх бус өвөг дээдсийнхээ үлдээсэн өвийг танин мэдэж, өнөөдөр бүтээж, ирээдүйдээ өвлүүлэхийн нэр билээ.
Үзсэн: 926
Tweet