“Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулна
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласны нэг нь Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолой барих төсөл юм
Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг ч, уул уурхайн гол бүс нутаг болох говьд усны хангамж хомсдолтой гэсэн судалгаа бий. Усны хэрэглээнийхээ 80 хувийг монголчууд газрын доорх гүний усаар хангадаг. Нэн ялангуяа Нарийнсухайтын бүлэг орд орчмын газрын доорх усны нөөц маш бага гэж тогтоогдсон агаад Онги голоос эхтэй Улаан нуур нь Өмнөговь аймгаас хойш 140 гаруй километрт Булган, Мандал-Овоо сумын нутгийн заагт байрладаг юм. Мөн Монголын говийн алдарт таван нуурын нэг агаад усны нөөц багассан. Хангайн нуруунаас эх авсан Онгийн гол Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн 8 сумын нутгаар 460 гаруй километр замыг туулан урсаж Улаан нуурыг дүүргэдэг аж. Улаан нуур нь нүүдлийн шувууд дамжин өнгөрч, өсөж үржин нутагладаг, олон зүйлийн ашигт ургамал, зэгсээр бүрхэгдсэн, говийн экосистемийн тэнцвэрийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр боллоо. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэвчлэх үүднээс Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласны нэг нь Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолой барих төсөл юм.
Үзсэн: 3232
Tweet