СОР17 ирэх онд Улаанбаатар хотноо болно
Дэлхийн хэмжээнд бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай 1 тэрбум гаруй хүний амьжиргааны асуудлыг олон улсын анхаарлын төвд гаргах боломжийг бүрдүүлж байна
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) ирэх онд Улаанбаатар хотноо болно. Энэ арга хэмжээнд 197 улс орны төлөөлөгч, Төр засгийн тэргүүд, сайд нараас гадна олон улсын болон шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно. Энэ хурал нь цөлжилт, газрын доройтол, ган зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй харилцан уялдсан сорилтуудыг даван туулах бүхий л боломжит шийдлийг эрэлхийлэхэд чиглэнэ.
Монгол Улсын 1.56 сая км² нутаг дэвсгэрийн 77 хувь нь газрын доройтолд өртөөд байна. Хүрээлэн буй орчны гурамсан хямралыг даван туулахад газар ашиглалтын бодлого чухал үүрэгтэйг Монгол Улс хүлээн зөвшөөрч, цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн хүч чармайлтад идэвхтэй оролцож, манлайлал гарган дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн. СОР17 бага хурал нь НҮБ-аас зарласан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-тэй уялдан зохион байгуулагдах тул бэлчээрийн тогтвортой менежмент, дасан зохицох арга хэлбэр, дэлхийн хэмжээнд бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай 1 тэрбум гаруй хүний амьжиргааны асуудлыг олон улсын анхаарлын төвд гаргах боломжийг бүрдүүлж байна. Энэхүү бага хурал нь салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, газрын тогтвортой ашиглалт, экосистем болон газрын нөхөн сэргээлт, “Газрын доройтлыг тэглэх зорилт”-ын хэрэгжилтийг ахиулах чухал алхам болох юм. СОР17 бага хурлын бэлтгэлийг хангах, олон нийтийн мэдлэгийг тэлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс хэд хэдэн үндэсний санаачлагуудыг эхлүүлээд байна. Үүний нэг жишээ нь “Цөлжилт ба гангийн эсрэг дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан 2025 оны 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулах “Цөлжилт, газрын доройтлын эсрэг залуусын оролцоо” сэдэвт Үндэсний форум болно. Уг арга хэмжээнд 100 гаруй залуу малчин, судлаач, бодлого боловсруулагчид оролцож, уламжлалт мэдлэг ба шинжлэх ухаанд суурилсан газрын тогтвортой шийдлүүдийг хамтран боловсруулах юм. Монгол Улс газрыг нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, уур амьсгалд тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх бодлогоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” олон нийтэд түшиглэсэн хөдөөгийн хөгжлийн санаачлага, “Хүнсний хувьсгал” хөдөө аж ахуй, хөрс хамгааллын санаачлага зэрэг үйл ажиллагаагаар хэрэгжүүлж буй юм.
Үзсэн: 4930
Tweet