“The MongolZ” дэд аваргаар тодорч, Монгол төдийгүй Азийн түүхэнд шинэ амжилтын эзэн боллоо
Энэхүү шийдвэрлэх тоглолтыг Монголын залуус Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай театр, хөдөө орон нутгийн томоохон талбайд цуглан багаа дэмжив
АНУ-ын Остин хотод энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын “The MongolZ” баг дэд аваргаар тодорч, Монгол төдийгүй Азийн түүхэнд шинэ амжилтын эзэн боллоо. 20 хоногийн өмнө эхэлсэн энэхүү тэмцээнд Азийн тав, Европын 16, Америк тивийн 11 баг шалгаран өрсөлдсөн. Ази тивээс таван баг эрх авсны хоёр нь Монголынх байв. Монголын хоёр дахь баг болох “Chinggis Warriors”-ын залуус Хятадын багт ялагдсанаар тэмцээнээ дуусгаж, 25-27 дугаар байрыг хуваан эзэлжээ. Харин “The MongolZ” багийг дэлхийн чансааг тэргүүлэгч Францын “Team Vitality” хүлээж байлаа. Ингээд монголчуудын төдийгүй “MongolZ” багийн үнэнч фанатуудын тоглолт 2025 оны зургаадугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03:30 цагт эхэлсэн юм. Энэхүү шийдвэрлэх тоглолтыг Монголын залуус Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай театр, хөдөө орон нутгийн томоохон талбайд цуглан багаа дэмжив. Харин манай баг мөнгөн медалийн эзэн болж, түүх бүтээлээ. “MongolZ” финалд шалгарч байсан багуудаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэйгээр тодорсон. Манай багийн дундаж нас 20.8 Түүнчлэн Азиас финалын шатанд шалгарсан анхны баг болоод зогсохгүй нэг тоглолтод эсрэг багийн тоглогчийг 36 удаа гэмтээсэн үзүүлэлтүүд дээд амжилт тогтоожээ. Түүнчлэн нэг тоглолтод хамгийн олон буюу 53 үе гаргасан баг болов. 20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын цахим түүхэнд “MongolZ” шиг өндөр амжилт үзүүлсэн Ази баг өнөөдрийг хүртэл байгаагүй юм. Хэдий хожигдсон ч монгол залуус өнөөдөр түүх бүтээлээ. Түүнчлэн “The Mongolz” болон Францын “Team Vitality” багийн тоглолт “Counter-Strike” тоглоомын түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй болсныг Esports Charts-ийн дата харуулжээ.
Үзсэн: 17488
Tweet