Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж байгааг дурдан тэмдэглэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж, энэ үеэрээ тус хотын дарга Ин Юнтай уулзав. Хотын дарга Х.Нямбаатар найрамдалт харилцаатай хотуудад ажиллах уулзалтуудаа Бээжингээс эхлүүлж буй бөгөөд энэ удаагийн уулзалтаар эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов. Тэрбээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж байгааг дурдан талархал илэрхийлэв. Бээжин хотын дарга Ин Юн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, тус хотод хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрөө танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, “Бээжинд орсон аадрын улмаас зарим гүүрийг түр хугацаанд хаасан. Бээжингийн автомашины тоо 7 сая давсан, автомашинаас гарч байгаа бохирдол хотын агаарын бохирдлын 50 хувийг бүрдүүлж байна. Тиймээс нийтийн тээврийн төлөвлөлтөө шинэчлэх, камерын хяналтын төвийг сайжруулах, зам тээвэрт АI технологийг хөгжүүлж эхэлж байна гэв. Мөн дагуул хотуудыг байгуулж байгаа. Авто замын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь дагуул хот байгуулах юм. Манай хот энэ ажлыг 2014 оноос эхлүүлсэн” гэлээ.
Үзсэн: 5028
Tweet