"Нүүдэлчин ухаан-2025” олон улсын хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа
2024 онд эхлүүлсэн тус хөтөлбөрийг зургаадугаар сард Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд зохион байгуулжээ
"Нүүдэлчин ухаан-2025” олон улсын хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Европын Холбооны Соёлын Институтын Нэгдлийн Монгол дахь салбар санаачлан хэрэгжүүлж буй “Нүүдэлчин ухаан” олон улсын хөтөлбөр нь урлагаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. 2024 онд эхлүүлсэн тус хөтөлбөрийг зургаадугаар сард Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд зохион байгуулсан байна. Тус хөтөлбөр орон нутгийн иргэдийг байгаль, соёл урлагаар дамжуулан холбох зорилготой бөгөөд Монгол, Финланд, Франц, Австри, Герман зэрэг орны уран бүтээлчид оролцов. Энэхүү олон улсын хөтөлбөр 10 гаруй хоногийн турш үргэлжилж уран бүтээлчид ханын зураг, инстоляц, анимейшн, бүжиг, уран зураг зэрэг бүтээлүүдийг орон нутгийн хүүхэд, иргэдтэй хамтран туурвиж, сургалт, уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Уран бүтээлчид орон нутгийн иргэдтэй хамтран уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, байгальтай харилцах хандлагын тухай ярилцаж, түүнийг бүтээлдээ тусгаснаараа онцлог байв. Европын Холбооны Соёлын Институтын Нэгдэл нь Европын Холбооны гишүүн болон холбогдох 39 орон, үндэсний соёлын байгууллагуудын хамтарсан сүлжээ юм. Монгол дахь салбар нь хоёр талын соёлын харилцааг хөгжүүлж, тулгараад буй нийгэм, байгаль орчны нийтлэг сорилтыг урлагаар дамжуулан хамтдаа шийдвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Үзсэн: 3902
Tweet