“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн “Аса Арена” цогцолборт боллоо
Тэмцээнд Монгол, Камбож, Египт, Фижи, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Тайланд, Вьетнам гэсэн 13 улсын 14 баг оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн “Аса Арена” цогцолборт боллоо. Тэмцээнд Монгол, Камбож, Египт, Фижи, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам гэсэн 13 улсын 14 баг оролцов. “Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулж байгаа тэмцээнийг ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, зохион бүтээгч залуус, шүүгч, багш, дасгалжуулагч нарт амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр, энэ тэмцээн эв нэгдэл, хичээл зүтгэл, хамтын ялалтын үнэ цэнийг мэдрүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэмцээнд оюутан залуусын бүтээсэн роботууд сагсан бөмбөгөөр өрсөлдөж, энэ нь техник төдийгүй, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, эв нэгдэл, андлал нөхөрлөлийг дэмжин хөгжүүлдэг олон улсын нэр хүндтэй талбар гэдгийг тэмдэглэлээ. Багуудын зохиосон роботууд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаярын боловсруулсан сагсан бөмбөгийн дүрмийн дагуу өрсөлдөж Япон улсын баг тэргүүн байр эзлэв. “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнийг МҮОНРТ, Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран зохион байгуулсан. 2019 онд манай улс энэ тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахад багууд байгаль, үүх түүх, өв соёл, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр болох шуудан холбооны үндэс суурь “Өртөө”, дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ”-г сурталчлан таниулж, анх удаа дөрвөн хөлтэй робот зохион оролцож байсан юм. Японд үүссэн энэ тэмцээн анх тус улсын нэрэмжит байсан ч Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болон өргөжөөд байна. Ирэх жилийн тэмцээн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод болно.
Үзсэн: 2774
Tweet