ABU Робокон-2025
МҮОНРТ “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
1991 онд NHK “Робокон” төслийг анх санаачилж улмаар Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Робоконы үзэл санааг өргөтгөжээ. Робоконы жил бүрийн тэмцээний сэдэв нь харилцан адилгүй байдаг бөгөөд өгөгдсөн даалгавар биелүүлэхийн тулд хоёр ба түүнээс дээш роботтой тоглолтонд оролцдог. Роботыг бүтээхэд бакалаврын зэргээр суралцдаг оюутнууд хамрагдах бөгөөд механик дизайн, цахим хэлхээний мэдлэгтэй байх ёстой. Робокон тэмцээний өмнөх туршлагуудаас харахад багууд тоглолтын үеийн өрсөлдөх чадвартаа онцгой анхаарч, стратеги арга барил ашиглах замаар өрсөлдөгчдөө буулган авч ялалт байгуулсан байдаг. Сүүлийн үед энэ асуудлыг багасгахын тулд байлдааны шинж чанарыг бууруулж, технологийг илүү их анхаарч байна. Робот зохион бүтээхдээ багууд төвөгтэй маневр хийхэд технологийн тал дээр илүү анхаарах болсон нь робот зохион бүтээхэд илүү бүтээлч байхыг залуусаас шаардах болжээ.
“Робокон” тэмцээн нь эхэн үедээ зөвхөн Япон улсын үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн. Улмаар Монгол Улс “ABU Robocon” олон улсын тэмцээнийг анх 2019 онд зохион байгуулж байсан бөгөөд ийнхүү зургаан жилийн дараа дахин эх орондоо амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “ABU Робокон 2025” олон улсын тэмцээний нээлтэд хэлсэн үгэндээ:
Энэ удаагийн Робокон-2025 олон улсын тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо “Хамтын зүтгэл үнэмлэхүй амжилт” уриатайгаар зохион байгуулж байгаад баяртай байна. Улс орнуудын шилдэг оюутан залуус та бүхний зохион бүтээсэн роботууд сагсан бөмбөг тоглож өрсөлдөх энэхүү тэмцээн нь эв нэгдэл, хичээл зүтгэл, хамтын ялалтын үнэ цэнийг мэдрүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологи, инновацын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна. 21-р зуун бол мэдээллийн технологийн эрин үе билээ. Энэ зуунд хиймэл оюун ухаан, робот, инженерчлэл зэрэг салбарууд хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гол хөдөлгүүр болсоор байна. “ABU Робокон” бол техникийн өрсөлдөөн төдий бус харин оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, эв нэгдэл, амьдрал, амлалт нөхөрлөлийг дэмжин хөгжүүлдэг олон улсын нэр хүндтэй платформ юм. Робокон тэмцээнд оролцож байгаа оюутан залуус та бүхэн бол шинэ зууны манлайлагч, шинийг санаачлагч инноватор, шилдэг бүтээлүүдийн эзэд юм шүү. Та бүхний дундаас хүн төрөлхтний хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчид, алдар нэрээ дуурсгах инженерүүд, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд олон зуугаараа төрөн дарна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэл төгс байна.
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцлоо. Нийт 13 орны 14 багийн 400 гаруй оюутан залуус монголд хүрэлцэн ирж инженерийн ур чадвар, бүтээлч байдал, багаар ажиллах чадвараараа өрсөлдлөө. Энэ жилийн тухайд дэлхийн дахинд оюутан залуучуудын сонирхлыг маш их татаж байгаа Сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаагаараа онцлог гэдгийг “ABU Robocon-2025” төслийн ерөнхий продюсер Агааноров хэллээ.
“ABU Robocon-2025” төслийн ерөнхий продюсер А.Агааноров: Өмнө жилүүдэд бол ижил үйлдлээр ижил цагт, цагтай уралдах болон эсрэг багийнхаа үйлдэлтэй уралдаж тэмцээнийг явуулдаг байсан. Харин энэ жилийн тэмцээний дүрэм бол том талбай дээр буюу 15х8 хэмжээтэй сагсан бөмбөгийн талбай дээр роботууд хоорондоо сагс тоглож байгаа. Энэ нь Робоконы 24 жилийн түүхэнд байгаагүй тэмцээний дүрэм. Бид 2019 онд Робокон тэмцээнээр дамжуулан улс орноо Ази Номхон далайн улс орнуудад сурталчилж байсан. Ингэхдээ Монгол Улсынхаа түүх соёл, газар нутгийн онцлогийг харуулсан дүрэм зохиож тэмцээнээ зохион байгуулж байсан. Харин энэ удаад дэлхий нийтийн хүүхэд залуучуудын үзэх бас тоглох дуртай сагсан бөмбөгийн спортоос сэдэл санаагаа авч хийж байгаагаараа онцлогтой. Тэмцээн яг сагсан бөмбөгийн спортын дүрмээр болно. Тохиолт хийвэл 7 оноо, будагтай талбайгаас шийдвэл 2 оноо, алсын зайнаас шийдвэл 3 оноо гэсэн онооны дүрмээр явна.

“Робокон” тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнам болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан юм. Манай улс 2019 онд анх Робокон тэмцээнийг зохион байгуулж байхдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдуулсан даалгаврыг биелүүлж байсан. Харин энэ жилийн тухайд сагсан бөмбөгийн спортоос санаа авч дүрмээ боловсруулсан байна. Тухайлбал, хоёр роботод стандарт сагсны шалыг бодвол арай бага буюу 15x8 харьцаатай талбайд довтолгоо хийж, 2м 43 см өндөртэй шийд рүү бөмбөгийг амжилттай оруулах байдлаар өрсөлдсөн юм. Ингэхдээ багууд талбай дээр яг үндсэн сагсан бөмбөгийн дүрмээр тоглосон гэдгийг “ABU Robocon-2025” олон улсын тэмцээний талбайн ерөнхий шүүгч Билгүүн хэллээ.
Талбайн ерөнхий шүүгч А.Билгүүн: Бид анх дүрмээ зохиож байхдаа үсэрдэг робот, сагс тоглодог робот гэх мэт нэлээд хүнд роботууд хийхээр дүрэм боловсруулсан. Багууд яг тэр хэмжээнд нийцсэн роботууд хийж ирсэн байна. Тэр дундаа Япон улсын баг бүүр тохолт хийдэг 100%-ийн гүйцэтгэлтэй роботуудтай ирсэн байна. Тэмцээний шүүлтийн хувьд контактын спорт учраас өмнө жилүүдийн шүүлтүүдийг бодвол маш хэцүү болж байна. Өмнөх жилүүдэд роботын даалгавар нь урьдчилсан бэлдчихсэн талбай дээр тодорхой тактикийн дагуу даалгавруудыг гүйцэтгэдэг байсан бол энэ жил урьдчилсан бэлдсэн талбай гэж байхгүй. Мөн саад нь өрсөлдөгч багийнх нь хоёр робот болчихсон тэр нь бүүр хөдөлгөөнтэй учраас маш хэцүү тийм даалгавар гарсан гэж харж байна. Роботуудын гүйцэтгэлийн хувьд 3-ын онооноос шидэх, 2 онооноос шидэх гэсэн оноогоор тоглоно. Мөн зоод давах, зоод авахдаа заавал залгах үйлдэл хийх ёстой. Нэг багийн робот нөгөө роботдоо дамжуулах хүртлээ бас нэг удаа залах үйлдэл хийх ёстой гэсэн дүрэмтэй. Тэмцээний санаагаа 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс авсан. Бөмбөгний хувьд FIFA-гийн 7-инчийн бөмбөгөөр тоглож байна. Үндсэн хэсгийн тоглолт нь 120 секундээр үргэлжилж байгаа. Харин нугалаа тоглолт буюу хасагдах шатны тоглолтууд 160 секунд үргэлжилнэ. Довтолгооны секунд 20 секунд байна. Мөн бөмбөгөө аваад гоол оруулах хүртэлх хугацаа 20 секунд , 8 секундийн дотор зоогоо давах ёстой гэсэн дүрэмтэй. Маргаатай тоглолт болсон үед тоглолтын дундуур багийн тамирчин чалленж авах хүсэлтээ гараа өргөж илэрхийлнэ. Тэгээд шүүгчид бичлэг үзэж байж шийдвэр гаргана.
Манай улсын хувьд Робокон тэмцээнд хоёр удаа дэд байрт шалгарч байсан түүхтэй. 2019 онд эх орондоо зохион байгуулахдаа дэд байр эзэлж байсан бол цар тахлын үед онлайнаар оролцож мөн дэд байранд шалгарсан байдаг. Робокон тэмцээний зохион байгуулалтын энэ олон жилийн хугацаанд хамгийн их амжилт үзүүлсэн роботуудтай баг бол Вьетнам, БНХАУ, Япон улс юм.

“ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн нь Бүсийн хамгаалалт, Шөвгийн дөрөв, Хасагдах шат гэсэн гурван үе шаттайгаар өрнөж, финалын шатанд хүрсэн. Оролцогч багууд бүсэд хуваагдан шөвгийн наймд үлдэхийн төлөө тулалдсан. Хасагдах шатанд маш сонирхолтой өрсөлдөөнүүд болж, шийдвэрлэх ялалтуудыг авчирсан. Хагас шигшээд: Япон Вьетнамыг (12:9) харьцаагаар хожсон бол Хонгконг Монголын 2-р багийг (9:6) харьцаагаар хожсон. Ингээд тэмцээний сүүлийн мөчид Япон улсын баг Хонконгийн багийг (12-9) харьцаагаар хожиж, аваргын цомыг хүртсэн юм. Одоо үргэлжлүүлэн “ABU Робокон-2025” олон улсын тэмцээний ялагч Япон улсын Токиогийн их сургуулийн багийн оператор Андо Шёотаро-гийн сэтгэгдлийг хүргэе.
Япон улсын Токиогийн их сургуулийн багийн оператор Андо Шёотаро: Нэг жилийн хөдөлмөр маань үр дүнгээ өглөө. Ахлах ангийнхан маань хамт хичээж ирсэн. Бид дээд ангийнхаа оюутнуудын тэмцээнийг үздэг байсан. Энэ жил өөрийн биеэрээ оролцсондоо бахархах сэтгэгдэл төрж байна. Хамгийн хэцүү байсан үе болон бүгдээрээ сэтгэл санаагаараа унасан үедээ “хичээцгээе хичээцгээе” гэж бие биедээ урам өгч байсан. Манай баг дугуйлангаараа роботоо яаж улам хүчтэй болгох вэ гэж хамтдаа асуудлаа шийдэж ирсэн. Өнөөдрийн ялалтын мэдээг гэрийнхэндээ хамгийн түрүүнд дамжуулмаар байна.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын дунд болдог “Робокон” олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах саналаа улс орнууд 2-3 жилийн өмнө өгдөг бөгөөд тухайн саналдаа тэмцээн зохион байгуулах дүрмээ боловсруулж, танилцуулдаг. Харин тэмцээн зохион байгуулах эсэх асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг байна. 2026 оны Робокон тэмцээнийг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл “ABU Робокон” тэмцээний тугийг ХонКонгийн телевиз хариуцсан захиралд хүлээлгэн өглөө. Мөн энэ удаад Монгол улсад зохион байгуулсан тэмцээнийг дүгнэж хаалтын үгийг хэлсэн юм.
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл: Эрхэм хүндэт зочид оо, хүндэт оролцогчид, оюутан залуусаа “ABU Робокон-2025 Улаанбаатар” олон улсын роботын тэмцээнийг амжилттай зохион байгуулж үүгээр өндөрлөж байна. Энэ өдрүүдэд та бүхэн зөвхөн робот бүтээж өрсөлдөөд зогсохгүй мэдлэгийн ухаан, авьяас чадвар, хамтын хүчний гайхамшгийг харуулж чадлаа. Олон улсын 13 орны 14 багийн оюутнууд өөр өөрийн соёл сэтгэлгээ, ур чадвараа хуваалцаж нөхөрлөлийн гүүрийг барьж чадсанд чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ бол зөвхөн уралдаан бус инженерийн боловсрол бүтээлч сэтгэлгээний томоохон сургамж, шинэ найз нөхдийн эхлэл болж чадсан гэдэгт итгэж байна. Мөн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нь нэмэр оруулсан багш дасгалжуулагч нар, шүүгчид, техникийн болон зохион байгуулалтын хамт олон болон МҮОНРТ-ийн хамт олондоо халуун талархал илэрхийлье ээ. Робоконы үзэл санаа бол хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, ирээдүйн инженерүүдийн хүч чадлыг дэлхийд таниулахад оршдог юм. Бид энэ тэмцээнээр дамжуулан Монголын залуу үеийн оюун ухаан бүтээлч сэтгэлгээний хүсэл тэмүүллийг бүс нутаг дэлхий дахинд харуулж чадсан гэдэгтээ итгэж байна. Эрхэм залуус аа та бүхний ирээдүйн амжилт бүтээл бүр дэлхийн инженерийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Бид бүгдээрээ дараагийн Робокон дээр дахин уулзахын ерөөл дэвшүүлье ээ.
Тэмцээний дараагийн өдөр "ABU РOBOKON 2025 ULAANBAATAR" тэмцээний хүрээнд телевизийн продюсеруудын хурал болж, санал сэтгэгдлээ хуваалцлаа.
Ази Номхон Далай Өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим: “Ази томхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүний хувьд тэмцээн маш сайн зохион байгуулалтай байсныг онцлон тэмдэглэмээр байна. МҮОНРТ-ийн баг хамт олон энэ бүхнийг хийж чадлаа. Тэмцээний бүх зүйл үнэхээр гайхалтай байсан. Мөн робокон зохион байгуулсан заалны хувьд сагсан бөмбөгийн спортын тоглолтыг үзэхэд үнэхээр тохиромжтой газар байсан" гэдгийг онцолсон юм.
Хонгконгийн шинжлэх ухааны Технологийн Парк-н төлөөлөгч Ся Жы Юун: “Ирэх жилийн олон улсын тэмцээнийг Хонгконгийн радио телевизтэй хамтарч зохион байгуулна. Үнэхээр сэтгэл хөдлөм гайхалтай тэмцээн боллоо. Олон баг оролцлоо. Дэлхийн өнцөг булангаас ирсэн их дээд сургуулийн оюутан залуучуудад маш сэтгэл гаргаж, хичээнгүйлэн өрсөлдсөн болохоор тэмцээн үнэхээр сонирхолтой боллоо. Дараагийн тэмцээн Кунг фу гэсэн сэдэвтэй болохоор Хятадын соёлын агуулга шингэсэн гэсэн үг. Мөн робокон тэмцээн технологийн хувьд Кунг фугын хоёр өөр талбарт. Эхлээд робот угсрах залгуулаад гурван сорилтыг давах зэрэг үе шат бүхий өөр өөр хэсэгт хуваагдана өрсөлдөнө. Тиймээс багууд харилцан адилгүй хэсэг талбарт өрсөлдөнө" гэдгийг онцолсон.
NHK-ийн Шинжлэх ухааны нэвтрүүлгийн хэлтсийн дарга Иноүэ Томохироо: ”Өнгөрсөн жил роботод сагс тоглоно гэж сонсоод роботод яаж сагс тоглох юм бол гээд нэг л толгойд бууж өгөхгүй байсан. Тэмцээнийг бодитоор үзэхэд хэлбэр дүрс нь хүн биш ч яг л хүн шиг уяан налархай, оновчтой хөдөлгөөн хийж, хүнээс илүү шидэлт хийж байгаа нь олон роботуудыг хараад гайхширал төрсөн. Хурал дээр Монголын продюсерын санал ирж байсан. Хиймэл оюун ухаан гэх мэт шинэ дэвшилт технологи нэвтэрч байгаа энэ үед робокон тэмцээнд түүнийг хэрхэн ашиглах вэ гэдэг нь цаашдын гол асуудал гэж бодож байна. Гэхдээ технологийн түвшин их өндөрт тавьчихвал зардал болон технологийн түвшин хүндрэлтэй улс орнууд оролцохоо болих магадлалтай. Тэнцвэртэй байдлыг хэрхэн тохируулах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй" гэдгийг онцолжээ.
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний зохион байгуулалт дээр МҮОНРТ-ийн уран бүтээлчид болон инженер техникийн ажилчид, сайн дурынхантай нийлээд 200 гаруй хүмүүс ажиллалаа. Энэ жилийн тэмцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжигчээр оролцсон. Харин ерөнхий ивээн тэтгэгчээр Зуун манлай бүтээн байгуулалт Монгол Улсын Баатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч Мобиком корпораци оролцлоо. Мөн “Аса арена”, Z.com, MindTech,KSJ зэрэг компаниуд ивээн тэтгэгчээр оролцсон байна.
Үзсэн: 1775
Tweet