Монголч эрдэмтэн Удо Б.Баркманны 70 насны ой болж байна
Доктор Удо Б.Баркманн нь 2001-2013 онд Монгол Улсад ажиллахдаа ХБНГУ-д Монгол судлалыг хөгжүүлж, Монгол Улсын Герман судлалыг дэмжих, залуу боловсон хүчнийг бэлтгэж ирэв
ХБНГУ-ын монголч эрдэмтэн Удо Б.Баркманны 70 насны ойд зориулж “Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо. Герман, Их Британи, Япон, АНУ, БНХАУ, ОХУ, Монгол улсын судалгааны байгууллагуудын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцсон тус хурлын үеэр Удо Б.Баркманны “Монголын түүх” номын нээлт болсон юм. Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хүндэт доктор, МУИС-ийн хүндэт доктор Удо Б.Баркманн хэлэхдээ, “Монгол бол онцгой геополитикийн байршилтай. Хоёр том хөршийн дунд оршдог. Хоёр хөрштэйгөө явуулах харилцаа, хамтын ажиллагааг чухалчлахын зэрэгцээ “гуравдагч хөршийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлдэг орон гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн жилүүдэд Төв Азийн чиглэлээр бодлогоо идэвхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд түлхүү анхаарч байна” гэдгийг онцолж байв. Ташрамд дурдахад, доктор Удо Б.Баркманн нь монголын түүх, улс төр, гадаад бодлого, аюулгүй байдал судлалын чиглэлээр нэгэн сэдэвт бүтээл 16, эрдэм шинжилгээний өгүүлэл 180 гаруйг туурвиж, 2001-2013 онд Монгол Улсад ажиллахдаа ХБНГУ-д Монгол судлалыг хөгжүүлэх, Монгол Улсын Герман судлалыг дэмжих, залуу боловсон хүчнийг бэлтгэх, монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, дээд боловсролын салбарын хөгжилд бодит хувь нэмрийг оруулжээ. Түүний судалгааны үндсэн чиглэл нь Монгол Улсын дундад болон шинэ үеийн түүх, улс төр, нийгмийн үйл явц, гадаад бодлого, аюулгүй байдал, соёл шашны харилцаа зэрэг өргөн хүрээг хамарч байна.
Үзсэн: 2875
Tweet