Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцлаа
Тариаланчдын зүгээс тариалалтын талбайг 200 мянган га-аар тэлж, тариаланчдад эзэмшүүлэх эрх олгохыг хүслээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцлаа. Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцав. Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна. Тус компани “Атрын-4” аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тонн агуулах бүхий цогц байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ. Орхон аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийжээ. Урьдчилсан балансаар аймгийн хэрэгцээт улаанбуудайг 100 хувь, төмсний 50 хувь, хүнсний ногооны 80 хувийг хангана гэж тооцжээ. Энэ жил Орхон аймгийн нутгаар олон жилийн дунджаас 21.7 мм-ээр ахиу хур тунадас орсон нь ургацад эерэгээр нөлөөлжээ. Тариаланчдын зүгээс Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мянган тоннын багтаамжтай бүрэн автоматжуулсан зоорь барих, мөн тариалалтын талбайг 200 мянган га-аар тэлж, тариаланчдад эзэмшүүлэх эрх олгохыг хүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар газар тариалан эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахын тулд тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахыг үүрэг болгов.
Үзсэн: 4462
Tweet