Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
Тэмцээнд охидын 10 насны ангилалд кандитат мастер Ч.Нандинжигүүр тэргүүлэгчдийн эгнээнд явж байна
Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 50 жилийн түүхтэй энэхүү тэмцээнд 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 27 тамирчин оролцож байна. 8, 10, 12 насны ангиллаар зохион байгуулж энэхүү тэмцээнд охидын 10 насны ангилалд кандитат мастер Ч.Нандинжигүүр тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Түүний хувьд эхний таван өрөгтөө бүгдэд хожиж, таван оноогоо бүтэн авчээ. Тэгвэл охидын 12 насанд кандитат мастер И.Цэлмүүн, Н.Энхрийхэн нар 4.0 оноотой шилдэг 10-т багтаж байгаа юм. Хөвгүүдээс 10 насанд Д.Төгсбилгүүн 10 дугаар байрт яваа нь хамгийн өндөр амжилт аж. Өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс манай улс түүхэндээ 13 медаль хүртсэн байдаг. Тодруулбал, дөрвөн алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль авчээ. Анхны медалийг 2001 онд гавъяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул эх орондоо авчирч байв. Тэгвэл анхны алтан медалийг одоогоос 15 жилийн өмнө их мастер Д.Номин-Эрдэнэ олимпын нутаг Грекээс зүүсэн билээ.
Үзсэн: 658
Tweet