Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл хэлэлцэв
Экспорт өсөж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч эхэллээ. Валютын ханш өсөж, төгрөгийн ханш тогтворжсон гэсэн юм
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцсэнтэй холбогдуулж, Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Шинэ итгэл-Эрс шинэтгэл" таван жилийн хөтөлбөрийн хүрээнд засаглал, эдийн засаг, хүний хөгжил, татвар, ногоон хөгжил, эрчим хүч, хот хөдөө зэрэг 10 салбарт шинэтгэл хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Түүнчлэн Засгийн газрын 100 дахь өдрийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлсэн санал санаачилга, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашдын бодлого зорилтын талаар мэдээлсэн юм. Ерөнхий сайд мэдээллийн эхэнд шинэ Засгийн газар өнгөрсөн хугацаанд дэлхий дахинд үүсээд буй геополитикийн амаргүй нөхцөлд ажилласан болохыг хэллээ. Тухайн үед манай улсын экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ 2 дахин унасан, түүнээс улбаалж төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэл үүссэн ийм нөхцөлд Засгийн газар ажлаа хүлээж авсан гэж Ерөнхий сайд тодотгосон юм. “Тус нөхцөл байдалтай уялдуулж нэн яаралтай горимоор хэмнэлтийн тодотголыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлснээр болзошгүй хямралаас сэргийлж, эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсан гэв. Тухайлбал, валютын нөөцийг 5,7 тэрбум ам.долларт хүргэлээ. Эдийн засгийн өсөлтийг 2.4-5.6 хувь болголоо. Олон улсын байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг түвшнийг хэвээр хадгалсан. Үндсэндээ бид тодотголыг үр ашигтай хэрэгжүүлж, 2,2 их наяд төгрөгийн үргүй зардлыг хэмнэсэн гэв. Үүний зэрэгцээ төрийн өмчийн компаниудын засаглалын шинэчлэлийг эхлүүллээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор хоёр сарын хугацаанд үр ашигтай ажиллагаа 3 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 1,6 дахин нэмэгдэв. Зогсонги байдалтай байсан нүүрсний арилжаа сэргэж, 13-17 хувиар нэмэгдсэн. Экспорт өсөж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч эхэллээ. Валютын ханш өсөж, төгрөгийн ханш тогтворжсон гэсэн юм.
Үзсэн: 6493
Tweet