Монгол Улс Сингапуртай нүүрсхүчлийн хийн арилжааны гэрээ байгууллаа
Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол дахь нүүрстөрөгчийн хийг бууруулах төслүүдэд санхүүжилтийг чиглүүлнэ
Монгол Улс Сингапуртай нүүрсхүчлийн хийн арилжааны гэрээ байгууллаа. Хоёр талын гэрээ нь Сингапурын Засгийн газар болон нүүрсхүчлийн хийн татвар төлдөг компаниудыг Монголоос карбон кредит авч, манай гаргийг дулаарахад хүргэж буй хорт утаа ялгаруулалтыг тэнцвэржүүлэх боломжийг олгож байгаа юм. Гэрээнд Тогтвортой байдал, хүрээлэн буй орчны сайд Грэйс Фү, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нар гарын үсэг зурлаа. “Энэхүү баримт бичиг нь тогтвортой бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай ирээдүйг бий болгох бидний хамтын зорилгыг илэрхийлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд дорвитой арга хэмжээ авч, тогтвортой хөгжилд хүрэх замыг нээхийн тулд хамтран ажиллах үүрэг амлалтыг илэрхийлж байна гэлээ. Эл хамтын ажиллагаа нь Монгол Улсын ногоон, тогтвортой хөгжилд чиглэсэн шилжилтийг урагшлуулаад зогсохгүй хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн зөрүүг тэглэхэд чиглэх юм. Нэг карбон кредит гэдэг нь нэг тонн нүүрсхүчлийн хийг агаар мандалд оруулаагүйг илэрхийлж буй нэгж юм. Сингапур улс 2021-2030 он хүртэл жилд 2.5 сая тонн ялгарлыг нөхөхийн тулд өндөр чанартай карбон кредит ашиглана гэж тооцоолжээ. Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол дахь нүүрстөрөгчийн хийг бууруулах төслүүдэд санхүүжилтийг чиглүүлнэ.
Үзсэн: 3883
Tweet