Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг зохион байгуулж байна
Монгол Улсын кибер эрсдэлийг тодорхойлох судалгаанд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий төр, хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага оролцож байна
ЦХИХХЯ Их Британийн Засгийн газартай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг зохион байгуулж байна. Их Британийн Засгийн газраас кибер аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх судалгааны асуулга, аргачлалыг боловсруулсны үндсэн дээр эрсдэлийг тодорхойлох, байгууллага, салбар, үндэсний хэмжээнд кибер эрсдэлийн тайлан боловсруулах арга зүйг дотоодын багт заана. Дотоодын баг нь судалгаанд шаардлагатай өгөгдлийг цуглуулж, тайлан боловсруулах үүрэгтэй. Судалгаа хийснээр Засгийн газар, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер эрсдэлийг тодорхойлох, нөөцийн хуваарилалт, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтөд үндэслэлтэй шийдвэр гаргах, байгууллага, салбар, үндэсний хэмжээнд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнчлэн эрсдэл, түүнийг таних, хариу үзүүлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэх ач холбогдолтой ажээ. Өнөөдөр онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй болон төр, хувийн хэвшлийн байгууллагад кибер эрсдэлийг таних, үнэлэх, эрсдэлээс үүдэх хор хохирлыг тодорхойлох, судалгааны ач холбогдлыг таниулах сургалт хийлээ. Монгол Улсын кибер эрсдэлийг тодорхойлох судалгаанд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий төр, хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага оролцож байна.
Үзсэн: 4049
Tweet