Давос хотноо Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гүтэй уулзав
Уулзалтаар талууд хоёр улсын хооронд зохион байгуулах өндөр түвшний айлчлалыг уялдуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гүтэй уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын хооронд зохион байгуулах өндөр түвшний айлчлалыг уялдуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. "Бан Ги Мүн сан"-тай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлан өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах асуудлаар ярилцав. Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг болох “Maekyung Media Group”-т ярилцлага өгөв. Ерөнхий сайдтай тус группийн редактор Юн Воп Суп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дахь Монгол Улсын оролцоо болон Монгол, Солонгосын худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг сэдвийн хүрээнд ярилцав. Чуулга уулзалтын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрчим хүчний аюулгүй байдлын талбарт аль улс давуу байр суурь эзэлж байгаа вэ” салбар хуралдаанд оролцохоос гадна “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлнэ. Мөн дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд оролцоно.
Үзсэн: 6942
Tweet