“Уул уурхайн салбарын 7 хоног” эхэллээ
Баяжмалд дагалдаж буй элементэд ногдуулах АМНАТ-ыг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж буй аймаг, орон нутагт АМНАТ-ыг илүү хуваарилах өөрчлөлтийг тусгажээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ЭЗХЯ, АМГТГ, Уул уурхайн ассоциацтай хамтран “Уул уурхайн салбарын 7 хоног”-ийг зохион байгуулж байна. Энэ нь Засгийн газрын бодлогын хүрээнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Долоо хоногийг эхлүүлж, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлэхдээ, “Уул уурхайн салбарынхан олборлолтоос боловсруулалт руу шилжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспорт, татварын орлогыг нэмэхээр олон талт бодлогын өөрчлөлт хийж байна” гээд салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөг танилцуулав. Тодруулбал, уул уурхайн салбар нь нь ДНБ-ий 26, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 79 хувийг, мөн экспортын орлогын 95.4, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74, нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг тус тус бүрдүүлдэг. Манай улсад 2015-2024 онд гадаадын 99.38 их наяд төгрөгийн хөрөнгө оруулсны 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногдож байгааг мэдээллээ. Ирэх жилүүдэд уул уурхай, аж үйлдвэрийн бодлогоо болон Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр зэхэж байгааг сайд дурдлаа. Хуулийн төсөлд чухал ашигт малтмалын зохицуулалтыг тусгана. Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ногдуулах АМНАТ-ыг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж буй аймаг, орон нутагт АМНАТ-ыг илүү хуваарилах өөрчлөлтийг тусгажээ.
Үзсэн: 12
Tweet