Цюрих хотын Риетбергийн музейд толилуулж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочлов
Чингис хааны болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөвөөр хүргэхэд чухал хувь нэмэр оруулах үйл ажиллагаа болж байгааг тэмдэглэв
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр Цюрих хотын Риетбергийн музейд толилуулж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочилжээ. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэн хоёр мянган жилийн түүхэн өвийг дэлгэн үзүүлж, Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг олон улсын тавцанд таниулах, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, Чингис хааны болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөвөөр хүргэхэд чухал хувь нэмэр оруулах үйл ажиллагаа болж байгааг талууд энэ үеэр онцолсон байна. Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх 1-14 дүгээр зууны үеийн Евроазийн соёл, техник, бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг онц сонирхолтой байдлаар дүрсэлсэн энэхүү үзэсгэлэнд нийт 162 дэсийн 235 үзмэр дэлгэгдэж, орчин үеийн урлагийг түүхэн өвтэй холбон үзүүлж байгаа юм. 1952 онд байгуулагдсан Риетберг музей нь Швейцарын хамгийн том урлагийн музей бөгөөд уламжлалт болон орчин үеийн урлаг, соёлын өвийн арвин цуглуулгаараа алдартай ажээ.
Үзсэн: 643
Tweet