Найм дахь үеийн урианхай туульч Н.Дамдиндорж 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Н.Дамдиндоржийн Монгол үндэстний соёлын биет бус өвийн сан хөмрөгийг хамгаалах үйлсэд оруулж байгаа жинтэй хувь нэмрийг ийнхүү үнэлж, 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулсан байна
Ховд аймгийн Дуут сумын харьяат “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Н.Дамдиндорж 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа. ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам шагнал гардуулах үеэрээ, Монголчуудыг дэлхийд ондоошуулж, онцгойруулж буй зүйлсийн нэг нь соёлын биет бус өв юм. Аялал жуулчлалын салбарт ч жуулчид манай нүүдэлчин ахуйд суурилсан биет бус өв соёлыг үзэж танилцахаар ирдэг. Иймээс өвлөн уламжлагчдыг бодлогоор дэмжиж, хамтран ажиллах нь чухал” хэмээн тодотгов. Тууль хайлах уламжлалын өвлөн уламжлагчдын тоо буурч байгаа хэдий ч баруун бүсийн аймгууд идэвхтэй ажиллаж, сэргээх чиглэлд тодорхой ажил хийж байна. Соёлын яамнаас улсын томоохон үйл ажиллагаанд тууль хайлах өвийг түлхүү оролцуулахыг зорьж байгаа. Энэ жил Цагаан сарын шинийн 15-нд урианхай тууль хайлах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Урианхай баатарлаг туулиуд уртаасаа хамааран 24-48 цаг үргэлжилдэг. Тууль хайлахад их хүч шаарддаг. Урианхай тууль хоолой, амьсгалаа шахаж хайлдгаараа онцлог тул бусад нутгийн туулиас ялгаатай. “Монгол тууль”, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвх, зүтгэлтэй оролцсон Н.Дамдиндоржийн Монгол үндэстний соёлын биет бус өвийн сан хөмрөгийг хамгаалах үйлсэд оруулж байгаа жинтэй хувь нэмрийг ийнхүү үнэлж, 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулсан байна.
Үзсэн: 8436
Tweet