“Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын монгол орчуулгын нээлт боллоо
Рагу Вира 1955 онд БНМАУ-д анх айлчлах үеэр Ерөнхий сайд Ю.Цэдэнбал монгол, төвөд хэлээр туурвисан 5000 гаруй буддын шашны бүтээлийг өргөн барьсан нь хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэжээ
Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын монгол орчуулгын нээлт МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо. Энэхүү бүтээл нь Энэтхэгийн нэрт буддын судлаач, санскритч, хэл шинжлэлийн профессор Локеш Чандрагийн англи хэлээр бичсэн томоохон бүтээл юм. Энэхүү ном нь монголчуудын буддын утга зохиолыг хөгжүүлсэн түүх, монгол бар хэвлэл, судар номын онцлог шинж, Монгол Ганжуур, Данжуурын эрдэм шинжилгээний ач холбогдол зэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн 22 бүлэг, ном зүй, хавсралтаас бүрдэж буй юм. Номын онцлог нь монголчууд буддын шашин, соёлоор дамжин дорно дахины сонгодог утга зохиолтой хэрхэн танилцаж, түүнийг өөрийн бичиг үсэгт буулгаж, төвөд хэлээр хэвлэн нийтэлж байсан түүхийг тодорхой нотлох баримтад тулгуурлан харуулсан гэдгийг МУИС-ийн багш, доктор С.Янжинсүрэн тодотгов. Монголын шилдэг уран шүтээн, уран зураг, баримал зэрэг бүтээлийг багтааж, Өндөр гэгээн тэргүүтэй нэртэй урлаачдын бүтээлийн 1950-1980-аад онд авсан ховор гэрэл зургууд орсноороо онцгой үнэ цэнтэй хэмээв. Энэ удаад цувралын 640 дүгээр ботийг орчуулан, орчуулгыг Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-тай хамтран хоёр жилийн хугацаанд гүйцэтгэжээ. Номын зохиогч профессор Локеш Чандра нь эцэг профессор Рагу Вира-гийн үйл хэргийг залгамжлагч юм. Тэрбээр дэлхийд тархан хадгалагдаж буй санскрит бичвэрүүдийг цуглуулах зорилгоор Монгол, Хятад, Оросоор аялж, арвин их судар ном цуглуулсан. Рагу Вира 1955 онд БНМАУ-д анх айлчлах үеэр Ерөнхий сайд Ю.Цэдэнбал монгол, төвөд хэлээр туурвисан 5000 гаруй буддын шашны бүтээлийг өргөн барьсан нь хоёр улсын хооронд соёлын гүүр тогтооход чухал үүрэг гүйцэтгэжээ.
Үзсэн: 9925
Tweet