Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Турин хот дахь “Занабазар: Тал нутгийн мэлмий” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ


Densmaa 2026-03-02 11:03

Занабазарын бүтээлүүдийг хаанаас нь ч харсан нүүдэлчдийн ертөнц харагдана

Итали улсын Турин хот дахь Дорно дахины урлагийн музейд Өндөр гэгээн Занабазарын “Занабазар: Тал нутгийн мэлмий” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг нээж академич С.Чулуун хэлэхдээ, “Дорнын уудам тал нутагт мэндэлсэн Занабазарын бүтээл тэнгэрийн уул Альпийн энгэрт зочилж байна. Занабазар нь Монголын тал нутагт бүтээлээ туурвиж шашны дэг ёсыг өөрчилж, олон гайхамшигт сүм хийдийг байгуулж явсан Чингис хааны угсааны язгууртан. Түүний зохиосон Соёмбо үсэг өнөөдөр Монгол Улсын төрийн бэлгэдэл хэвээр байна. Энэхүү бэлгэдлийг зохиосны 340 жилийн ой 2026 онд тохиож буй. Зөвхөн өөрөө уран бүтээл туурвиад зогсохгүй бүхэл бүтэн Занабазар дэг сургуулийг бий болгож бүтээлдээ нүүдэлчдийн ахуй амьдрал, тал нутгийн онцлог, байгаль эх дэлхий хүмүүний харилцааг бүтээлдээ тусгасан юм. Занабазарын бүтээлүүдийг хаанаас нь ч харсан нүүдэлчдийн ертөнц харагдана. Тиймээс бид үзэсгэлэнгээ Тал нутгийн мэлмий хэмээн нэрийдсэн” гэдгийг тодотгов. Уг үзэсгэлэн сар гаруйн өмнө Ром хотын Боргезе галерейд гарсан юм. Тухайн музейн онцлогоос шалтгаалан консепт нь өөр өөр байдлаар тусгасан байна. Жишээ нь, Боргезе галерейд Барокко урлагийн нэрт төлөөлөгч уран барималч Жиан Лоренцо Бернинигийн бүтээлүүд бүхий Мариано Росси танхимд Занабазарын Ногоон Дарь эх, Өндөр гэгээн Занабазарын хөрөг хэмээх хоёр бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Энэ нь нэгэн ижил цаг үед Дорно болоод Өрнөдөд урлагийн шилдэг бүтээлүүдийг туурвин байсан агуу уран бүтээлчдийг өнөө цагт сор болсон бүтээлүүдээр нь нэгэн орон зайд уулзуулсан үйл явдал боллоо.

Үзсэн: 2997

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна