Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол-Италийн соёл харилцаа 2026


Densmaa 2026-03-03 11:03

"Италийн Долоо хоног 2026" арга хэмжээ боллоо

     Монголын дуу хоолой радиогийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Монгол Улс болон Итали Улс 1970 оны 6 дугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс 2011 оны 10 дугаар сард  Итали улсын нийслэл Ром хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Итали Улс 2016 оны 7 дугаар сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн байна. 1990 оноос хойш 56 жилийн түүхтэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа  идэвхжин, улс төр, эдийн засаг, боловсрол соёлын салбарт өргөжин тэлж байна.

Монгол Итали хоёр орны соёл салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин тэлж байна. Тухайлбал, Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны 2 дугаар сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Италийн Долоо хоног 2026” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Италийн урлаг, дизайн, загвар, хөгжим болон амьдралын хэв маяг, орчин үеийн Италийн соёл, шилдэг ололтыг олон нийтэд таниулж, бүтээлч сэтгэлгээ, соёлын харилцан яриаг дэмжих зорилготой юм.

Мөн хоёр улсын соёлын байгууллагуудыг нэгтгэхийн зэрэгцээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг компаниудын бүх төрлийн Итали бүтээгдэхүүний албан ёсны дистрибьютер, худалдааны байгууллагуудын сүлжээ болон жижиглэн худалдаа эрхлэгчид оролцож, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулахаас эхлээд олон арга хэмжээ зохион байгууллаа. Ингэснээр Монголчууд Италийн соёлыг зөвхөн музейн орчинд бус Улаанбаатар хотын өдөр тутмын амьдралын хэмнэл дунд мэдрэх боломжийг олгожээ. Бид БНИУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хадагтай Жованна Пиккаретагаас "Италийн долоо хоног - 2026" арга хэмжээний онцлогийн талаар асууж сонирхсон юм. 

Элчин сайд Жованна Пиккарета: Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Италийн 7 хоног 2026” арга хэмжээнд тогтвортой байдал, чанар, инноваци, амт, дэгжин байдлыг эрхэмлэн Улаанбаатар хотноо Италийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүдийг урьж оролцуулсан. Үүнээс гадна Италийн соёлыг танилцуулж, Итали, Монголын бүтээлч сэтгэлгээ болон хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийг зорилоо. Энэ хүрээнд бид Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн мөн Чингис хаан музейд алдарт загвар зохион бүтээгч Валентино Гаравани-гийн загварууд болон Ла Травиата болон дуурьд зориулан урласан хувцасны эх загваруудын гэрэл зургуудыг дэлгэн үзүүллээ. Энэ бүхэн нь дизайн, хөгжим, хоол, загвар, урлаг зэрэг олон салбарыг хамарсан Италийн соёлын илэрхийлэл юм. Мөн бид Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын авьяаслаг баритон дуучин Амартүвшинд нэр хүндтэй шагнал гардууллаа. Тэрээр Монгол төдийгүй Итали улсын бахархал болсон дуучин юм.  

     Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын дүнд Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэсэн нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон болсон билээ. Энэ талаар тус арга хэмжээний үер бид УИХ-ын гишүүн Тэмүүлэнгээс асууж тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монгол Итали хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоод 56 жил болж байна. Өнгөрсөн 2025 он түүхэн он жил байсан. 55 жилийн түүхэн ойгоороо манай төрийн тэргүүн Итали улсад айлчилж, хоёр улсын дипломат харилцааг шинэ шатанд гаргасан. Энэ хүрээнд стратегийн түншлэлийн харилцааны шатанд гарч, цаашид бүхий л салбар эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухаан гээд бүх талаар хамтын ажиллагааг өргжүүлэх энэ боломж бололцоо бүрдсэн. 2020 оноос хойш 5, 6 жилийн хугацаанд эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээн өргөн хүрээнд явагдаж байгаа. Манай улсаас нийлүүлж байгаа ноолуур болон ноосон бүтээгдэхүүний тоо хэмжээ, мөн үйлдвэрүүд нэлээн нэмэгдэж байна. Энэ бол үндсэндээ 2 талын дипломат харилцааны нэгэн гол тулгуур харилцаа болж байгаа. Нөгөө талаар бид бүхний соёлын харилцааны хүрээнд олон талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байна. Манай улсаас дуурь болоод соёлын чиглэлээр уран бүтээлчид Итали улсад очиж туршилга судлах, тэнд уран бүтээлээ туурвих, мөн манай талаас Морин хуурын чуулгыг Итали улсад урьж, соёлын харилцааг бэхжүүлэх хүрээнд томоохон өдөрлөг арга хэмжээ зохиох ажлыг нэлээн явуулж байна. Энэ удаагийн арга хэмжээ ч гэсэн соёлын хамтын ажиллагааны хүрээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа олон талт хамтын ажиллагааны нэг хэлбэр болж байна гэж харж байна.         

     Монгол Итали хоёр улс 2025 оны 1 дүгээр сард Агаарын хэлэлцээр байгуулжээ. Ингэснээр манай улсын Агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байна. Тухайлбал, хоёр улсын хооронд бүх салбарын цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьж, эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэх ач холбогдолтой юм. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хоёр орны диломат харилцаа тогтоосон 55 жилийн ойгоор МУ-ын ерөнхийлөгч айлчлах хүрээнд шууд нислэг үйлдэх санамж бичигт гарын үсэг зурсан. Тун удахгүй харилцан нислэгүүд хийгдэх гэж байна. Цаашдаа манай Европтой харилцах харилцаанд ч гэсэн нэлээн дөхөм болох аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг юм уу соёлын болоод бусад талын харилцааг хөгжүүлэхэд нэлээн тус дөхөм болох байх гэж харж байна.   

     Италийн Долоо хоногийн хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Төв шилжих үед”  үзэсгэлэн зохион байгуулсан юм. Уг үзэсгэлэнд Италийн орчин үеийн уран бүтээлчид болох Лука Буволи, Пиетро Руффо, Энхтөрийн Бэхбаатар нарын бүтээлийг нэгтгэн толилуулжээ. Италид суралцаж, уран бүтээлээ туурвиж буй Монгол уран бүтээлч Энхтөрийн Бэхбаатарын хувьд эх орондоо анх удаа уран бүтээлээ танилцуулж байгаагаараа онцлог болсон байна. Чингис хаан үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, куратор Дархижавын яриаг сонсгоё.

Дархижав: Ерөнхийдөө огторгуйн төв гэдгийг бид тогтсон зүйл гэж ойлгодог. 3 уран бүтээлчийн санаа нийлж байгаа нэг зүйл нь, Тэр төв бол хөдөлж болно. Хөдөлдөггүй төв гэж байдаггүй. Тухайн хүн яаж харж байгаагаас шалтгаалж тэр төв замхарч арилж болно, бүр өөр тийшээ нүүж шилжиж болно. Энэ бол зөвхөн хувь хүний ухамсартай холбоотой. Та тэр төвийг хөдлөхгүй гэж бодож байвал хөдлөхгүй. Гэхдээ та сэтгэж бодож, өөрөөр илэрхийлж чадвал тэр төв чинь хаана ч очиж болно гэсэн ийм задгай сэтгэлгээг өөрсдийнхөө уран бүтээлээр харуулахыг хичээсэн. Туринд амьдардаг Бэхбаатар гээд монгол уран бүтээлчийн од харваж байгаа хөнгөн цагаан баримлууд хийгээд тэдгээрийг холбосон дугуй үүсгэсэн байна. Жишээ нь, од харвахад бид хүслээ шивнэнэ, хүсэл биелнэ гэдэг. Дээрээс нь одыг огторгуйн ямар нэгэн үзэгдэл харваж байгаа гариг устаж байгаа ч гэдэг юмуу тэгж боддог. Гэхдээ уран бүтээлч Бэхбаатар энэ гариг эрхсийн үйл явдлыг матери луу шилжүүлээд материаллаг болгоод газарт унасан од хэлбэртэй зүйлс, энэ нь бидний биелсэн эсвэл биелж чадаагүй хүслүүд биетээр газар буугаад ирчихсэн байж яагаад болохгүй гэж гэсэн санааг гаргасан. Гариг эрхсийн биш бидний хажууд матери байдлаар оршвол ийм байвал яах вэ гэдэг санааг дэвшүүлжээ.         

    

    Италийн Долоо хоног 2026 арга хэмжээний хүрээнд мөн Чингис хаан Үндэсний музейд “Итали бол мода–Итали тэмдэглэгээ” үзэсгэлэнг толилууллаа. Уг үзэсгэлэн  Италийн тэргүүлэх дизайнеруудын бүтээлээр дамжуулан Италийн дизайн, загварын ертөнцийг танилцуулах зорилготой бөгөөд Валентино Гараванигийн урласан хувцаснууд, мөн Жио Понти зэрэг нэрт дизайнеруудын бүтээлийг дэлгэн харуулсан юм. Мөн үзэсгэлэнгээр Ромын Дуурийн театрын 2016 оны Ла Травиата дуурийн Валентино Гаравани, Жанкарло Жамметти нарын хувцасны шийдэл, найруулагч София Копполагийн бүтээлд зориулсан хувцасны зураг, дүрслэлүүдийг дэлгэн үзүүлжээ. Энэхүү үзэсгэлэн олон нийтэд “Италийн хувцас загвар, уламжлал, гоо зүй, тогтвортой байдал, инновацийг мэдрэх боломж олгосны зэрэгцээ Италийн загварын хөгжлийн чиг хандлага болон үнэт зүйлсийг дэлгэн харуулсан юм.

Дархижав: Чингис хаан Үндэсний музейд гар ч байгаа энэ үзэсгэлэнгийн гол агуулга нь ерөөсөө л хувцас загвар луу голчилсон. Валентиногийн анхны гараар урласан даашинзнуудаас эхлээд Травиата дуурьд ашигласан бүтээлүүдийн эскиз зураг болон хэрхэн тайзан дээр амилсныг харуулсан гэрэл зургууд байна. Хувцас загвар зохион бүтээгчийн 3 бүтээл байрлаж байна. Мөн Макс Мара гээд орчин үеийн Италийн хувцас загварын чиглэлийг тодорхойлдог алдартай компанийн бас нэгэн бүтээл байрласан. Гэрэл зургаар загварыг харуулсан болон бодит 4 төрлийн даашинзыг нь дэлгэсэн. Дизайн гэдэг үг үзэсгэлэнгийн агуулгад орсон болохоор Италийн алдартай тавилгын орчин үеийн загварын 2 төрлийн гэрлийн суурь, тавилгуудыг виртуаль орчинтой хослуулж тавьсан. Ерөнхийдөө загвар, тавилга дизайны шийдлийг харуулсан ийм үзэсгэлэн юм.           

    “Италийн Долоо хоног 2026” хаалтын үдэшлэгт соёлын түншүүд, оролцогч байгууллагууд мөн Дэлхийн дуурийн шилдэг Баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин тэргүүтэй уран бүтээлчид болон  Итали улсын Милан хотын Ла Скала дуурийн театрын удирдаач, маэстро Стефано Сальватори оролцжээ. Бид тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинтэй ярилцсан юм. 

АЖ Э.Амартүвшин: Сайн байцгаана уу. Би сүүлийн 10 орчим жил би олон улсын театруудаар ажиллаж байна. Энэ удаад цөөхөн хоногоор эх орондоо ирээд байна. Дөнгөж ирээд Монголынхоо ДБЭТ-т Ла Травиата дуурийн гол дүрд тоглоллоо. Ойрын хоёр жил орчим Монголдоо дуулаагүй байсан. Сэтгэл маш их хөдөлж байна. Их сайхан байна. Ерөнхийдөө би Итали улсын маш олон хотуудаар олон олон дуурийн театруудаар ажилладаг, дуулдаг. Өнгөрсөн 12 дугаар сард манай МУ-ын ерөнхийлөгч Итали улсад айлчилсан. Энэ хүрээнд бид нар Ром хотод Монгол улсын бидний үндэсний бахархал болсон Морин хуурын чуулга болон олон сайхан уран бүтээлчидтэйгээ хамтраад Итали улмын Ром хотноо концерт хийсэн. Ер нь дуурь, сонгодог урлагаар дамжуулаад, өөрсдийнхөө мэргэжлийн хүрээгээр дамжуулаад хоёр улсын урлаг соёлын харилцаанд гүүр болж багахан ч гэсэн хувь нэмэр оруулах тал дээр хичээж явж байгаа. Үүний үр дүнд ингээд олон сайхан зүйлс, арга хэмжээ, гарц гаргалгаа бий болж, амжилттай яваа гэж боддог. Миний хувьд нэлээн шахуу төлөвлөгөөтэй, эх орондоо зуны 7, 8 сарын үед цөөхөн хоногоор өвлийн улиралд цагаан сараар мөн цөөхөн хоног ирдэг. Их завгүй ажилладаг. Карьерийн эхний жилүүдэд ихэвчлэн Италийн театруудаар дуулдаг байсан бол сүүлийн үед Европын том том театрууд Берлин, Парис, Бавари, Испани, Лондонгийн театрууд, Америкийн олон хотын театруудаар ажиллаж байна.               

    Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшинг 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Оддын одон”-гоор шагнуулж, Одонгийн офицер цол хүртсэнийг албан ёсоор мэдэгдсэн юм.

    Монгол Итали хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, аялал жуулчлал, эдийн засаг, улс төр гээд бүхий л салбарт өргөжин тэлсээр байна.

Үзсэн: 1435

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна