“Алтайн Венера” үзэсгэлэн гарч байна
Энэ удаагийн үзэсгэлэнд хадны зургаас олдсон, онцлог шинж бүхий эмэгтэй дүрүүдийг тусгайлан сонгон авч, нэг дор цогц байдлаар танилцуулж буйгаараа онцлогтой юм хэмээв
Монголын эртний хадны зурагт эмэгтэйчүүдийг хэрхэн дүрсэлснийг сонирхуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна. Тус музей 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг энэ удаад найруулагч, “Сэмүүн” студийн захирал Б.Баяр, уран бүтээлч Х.Бөхтулга, археологич Т.Идэрхангай нартай хамтран “Алтайн Венера” нэрээр ийнхүү олны хүртээл болгож байгаа юм. Үзэсгэлэнг нээж Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, Урлаг судлалын ухааны доктор П.Байгальмаа хэлэхдээ, “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн өдгөө урлагийн орчинд өөрийн гэсэн өнгө төрх, брэнд болсон уламжлалт үзэсгэлэн болоод байна. Тухайлбал, “Буддын шашин дахь эмэгтэй дүрслэл” гэсэн сэдвээр музейн сан хөмрөгт хадгалж буй бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байсан. Энэ үеэр шашны урлагт эмэгтэй дүр хэрхэн илэрхийлэгддэгийг харуулсан Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх, Янжинлхам зэрэг бурхан шүтээний дүрслэлийг онцлон танилцуулж байв. Ер нь дүрслэх урлагийн түүхийг харахад эмэгтэй хүний гоо сайхан, дүр төрхийг магтан дуулсан бүтээлүүдийг ихэвчлэн эрэгтэй уран бүтээлчид туурвисан байдаг. Тиймээс бүсгүйчүүдийн дүрийг урлагт мөнхөлж үлдээсэн олон бүтээлийн цаана эрэгтэй уран бүтээлчдийн харах өнцөг, уран сайхны илэрхийлэл ихээхэн нөлөөлсөн гэж хэлж болно. Энэ удаагийн үзэсгэлэнд хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүр дүрслэлийг онцолж буйд оршиж байна. Монгол орны нутаг дэвсгэрт хэдэн зуун мянган хадны зураг байдаг ч эмэгтэй хүнийг дүрсэлсэн дүрслэл нь бусад ан, ахуй, зан үйлийн зурагтай харьцуулахад маш ховор байдаг. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд хадны зургаас олдсон, онцлог шинж бүхий эмэгтэй дүрүүдийг тусгайлан сонгон авч, нэг дор цогц байдлаар танилцуулж буйгаараа онцлогтой юм” хэмээв.
Үзсэн: 3322
Tweet