“Дэлхийн адууны өдөр”-ийг БНБУ-д тэмдэглэв
Түрүүлсэн морины эзэнд Монгол Улсын Элчин сайдын яамны нэрэмжит цом гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ оны долоодугаар сарын 11-13-нд анх удаа өргөн хүрээнд тэмдэглэж, 56 орны 10 мянган морьтны жагсаалыг Монголд зохион байгуулна. Энэ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яам Своге мужийн захиргаатай хамтран Болгарын уламжлалт баяр “Тодоровын өдөр”-т зориулсан хурдан морины уралдааныг хоёрдугаар сарын 28-ны өдөр 22 дахь жилдээ зохион байгууллаа. “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын гишүүн 56 улс хамтран санаачилсан бөгөөд тэдгээрийн нэг нь манай улсын 75 жилийн түүхэн харилцаатай Болгар Улс юм. Болгарын ард түмэн адуу нь ахуй амьдрал тэтгэгч, аз жаргал, эр зориг, эрх чөлөөний бэлгэдэл хэмээн дээдэлдэг уламжлалтай. Уг арга хэмжээнд Болгар Улсын Ардын Хурал, Гадаад хэргийн яам, тус улсад суугаа гадаадын 21 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, болгар иргэд, тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд зэрэг 2500 гаруй хүн оролцлоо. Түрүүлсэн морины эзэнд Монгол Улсын Элчин сайдын яамны нэрэмжит цом гардуулав. Энэ үеэр Франц Улсад ажиллаж, амьдардаг уртын дуучин, морин хуурч, хөөмийч Д.Мандахжаргал, Чех Улсааас морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ, шанзчин М.Уранзаяа нар монгол ардын уртын дуу, хөөмий, морин хуур, шанз хөгжмийн аялгуу үзэгч олонд толилууллаа.
Үзсэн: 407
Tweet