“Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна
Тус үзэсгэлэнд Эрхүү хотын 14 зураачийн 1972-2024 онд бүтээсэн 60 гаруй уран зураг, зураасан зургийн бүтээлийг дэлгэн үзүүлж байна
Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэнг ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд нээлээ. Тус үзэсгэлэнд Эрхүү хотын 14 зураачийн 1972-2024 онд бүтээсэн 60 гаруй уран зураг, зураасан зургийн бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Оросын уран бүтээлчдийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүнг харуулж буйгаараа онцлогтой. Тодруулбал, 1972 онд Эрхүү хотын Зураачдын холбооны дарга Виталий Сергеевич Рогалийн санаачилгаар “Найрамдлын замаар” уран бүтээлийн хамтарсан аяллыг зохион байгуулж, үр дүнд нь бий болсон бүтээлүүдээр хоёр улсад үзэсгэлэн гаргажээ. Энэ нь цаашид өргөжин Москва болон хамтын нөхөрлөлийн бусад орныг хамрах болсон байна. Анхны аялалд ОХУ-ын А.И.Алексеев, А.Г.Костовский, Б.Т.Бычков нарын зураач болон урлаг судлаач С.Н.Баранова нар оролцож, монгол орноор 10 хоног аялж судалгаа хийсэн нь тэдний уран бүтээлд монгол сэдвийг гүнзгий тусгах суурь болжээ.
Үзсэн: 51
Tweet