“Монголын хөгжлийн туулсан зам, түүний сургамж" эрдэм шинжилгээний хурал боллоо
ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Монголын хөгжлийн туулсан зам, түүний сургамж: 1990 оноос өнөөг хүртэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
ШУА-ийн Философийн хүрээлэн 1966 онд “Философи, эрхийн тасаг” нэртэй гал голомтоо анх бадрааж, улмаар 1972 онд “Философи, социологи, эрхийн хүрээлэн” болж өргөжжээ. Тус хүрээлэн нь Монгол Улсад философи, социологи, улс төр судлал, шашин судлалын чиглэлээр суурь болон хавсарга судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага юм.
Тус хүрээлэнгээс саяхан “Монголын хөгжлийн туулсан зам, түүний сургамж: 1990 оноос өнөөг хүртэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Монгол Улсад 1990 оноос хойш өрнөсөн улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн шилжилтийн үйл явцыг иж бүрнээр нь дүгнэж, алдаа оноо, сургамжийг нэгтгэн цаашдын хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулах зорилготойгоор энэхүү хурал зохион байгуулсан юм. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, 1990 оноос хойших шилжилтийн үеийн бодлого, үзэл баримтлал, тулгарсан саад бэрхшээл, гарсан үр дүнг цогцоор нь авч үзэж, хүний хүчин зүйл, институцийн уялдаа, бодлогын залгамж чанарыг нэгтгэн шинжлэх ухаанчаар шинжлэн үзэж, Монгол улсын ирээдүйн хөгжлийг зөвхөн салбар тус бүрээр бус, харин харилцан уялдаатай системийн хүрээнд авч үзэх, эдийн засаг, нийгэм, соёл, аюулгүй байдлын салбар бүрт “даван туулах чадвар”-ыг бэхжүүлэх, судалгаанд суурилсан, өгөгдөлд тулгуурласан, зөв үнэт зүйлсийн чиг баримжаатай бодлого, шийдвэр гаргалт чухал болохыг онцлон тэмдэглэж байлаа. Энэ тухай ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэнгийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Б.Пүрэвсүрэн: Энэ хурал Монгол улсын хөгжлийн туулсан зам түүний сургамж гэдэг агуулгын хүрээнд явж байна. Тэгэхээр туулсан зам гэхээр XX зуун биш, ерөнхийдөө 1990 оноос хойших буюу бид нарын ярьдгаар шилжилтийн үеэс эхэлж энэ асуудлыг авч үзэж байгаагаараа онцлог байгаа юм. Энэ хурлаар бид нар юу голлож авч үзэх гээд байна вэ гэвэл улс орны хөгжил гэдэг бол өнгөрсөн хугацаанд ямар үзэл баримтлал, ямар чиг баримжаатайгаар явав. Түүнд учирсан саад бэрхшээл юу байв гэдгийг л голлож ярих гэж байна. Би энэ асуудлыг өнөөдөр эдийн засгийн талаас юм уу, улс төр гэж ярихгүйгээр аль болох иж бүрэн цогц гэдэг үүднээс нь л авч үзэхийг хүсэж байгаа юм. Яагаад вэ гэвэл манай ШУА-ийн Философийн хүрээлэнгийн хувьд ч гэсэн философи, социологи, улс төр, шашин судлал гээд л олон судалгааны чиглэл байдаг. Гэхдээ энэ бүгдийг бид нар нийлүүлээд аль болох Монголын хөгжлийн бодлого, Монголын хөгжлийн философи дээр суурилж авч үзэхийг хичээдэг. Тийм учраас энэ удаагийн хурлаар гадна дотны олон оролцогч, илтгэгч нар өнгөрсөн хугацааны алдаа оноо хүн дээр байсан уу, институц дээр байсан уу, эсвэл улс төрийн намууд дээр байсан уу гэдэг дээр л голлож ярих гэж байна. Заримдаа улс төрийн томоохон шийдвэр буюу лидерүүдийн үйл хэрэгтэй холбож үзэх хандлагууд түгээмэл байдаг. Гэхдээ энэ бүгдийг аль нэгийг нь нэгнээс нь салгаж авч үзэх нь угаасаа системийн онолын үүднээс ч дутагдалтай байдаг учраас институц хоорондын харилцан хамаарал, түүний уялдаа холбоо бие биедээ үзүүлж буй нөлөөллийг миний бодлоор түлхүү яриасай гэж хүсэж байгаа юм. Тийм учраас улс орон маань эдийн засгийн хувьд зах зээлийн эдийн засагт шилжсэн юм шиг боловч үндсэндээ хөгжлийн эдийн засаг руу бүрэн чиглэж, төлөвшиж амжаагүй байна аа гэдэг дээр төвлөрч ярьж байх шиг байна. Тийм учраас ямар нэгэн томоохон шийдвэр гарлаа гэхэд эдийн засаг нь өөрөө шоконд орохгүй байх, орсон ч тэр шокийг даах чадвартай байх буюу нөгөө резеленс (resilience) экономи байх ёстой. Тийм учраас улс үндэстэн эдийн засгийн хувьд ч батлан хамгаалахын хувьд ч, соёлын хувьд ч, соёл иргэншлийн хувьд ч тэр resilience буюу үндэстний даван туулах чадвараа өнгөрсөн хугацаанд хэр төлөвшүүлж чадав? Чадсан бол дараагийн шатандаа бид нар ямар замаар илүү явах ёстой вэ гэдгийг л ярилцаж хэлэлцэх нь хурлын гол зорилго гэж би харж байна.
Хурлын эхний хуралдаанд философи, хөгжлийн бодлогын суурь асуудлуудыг хэлэлцсэн илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор М.Гантуяа “Шашин, гүн ухаан, оюуны соёлын шүтэн барилдахуйн” сэдвээр илтгэл тавьж, нийгмийн үнэт зүйлсийн өөрчлөлт, оюуны соёлын суурь асуудлуудыг хөндөн авч үзсэн бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын түүхэн сургамж”-ийн хүрээнд хөгжлийн бодлогын залгамж чанар, стратегийн алсын харааны ач холбогдлыг онцоллоо.

Ерөнхий сайд асан, доктор Р.Амаржаргал хувийн хэвшлийн төлөвшил, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд тулгамдаж буй сорилтууд, шийдвэрлэх гарцын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр 1990-ээд оны эхэнд үед хувийн сектор ямар түвшинд байсан, өнгөрсөн 30 гаруй жил хэрхэн өөрчлөгдсөн хийгээд эдийн засагт оролцож буй оролцоо, үзүүлж буй нөлөө ямар байгааг илтгэлдээ дурдаж байв. Тэрээр одоо 180 мянган аж ауйн нэгж бүртгэлтэй байгаагийн 80 хувийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байгаа ч бодитой ажиллаж, өсөж томорч байгаа нь цөөн, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь маш бага байна гэв. Харин эрүүл мэндийн тогтолцооны талаар доктор Д.Баярсайхан “Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил, замнал” илтгэлдээ онцлон авч үзэв. Тэрбээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бүтэц, тогтолцооны өөрчлөлтүүдийг шинжилж, иргэн бүр санхүүгийн дарамтгүйгээр чанартай, хүртээмжтэй үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх нь бодлогын гол зорилт болохыг тэмдэглэсэн юм. Доктор Д.Баярсайханы яриаг хүргэе.
Д.Баярсайхан: Миний илтгэлийн агуулга нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн тухай юм. Энэ нь зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар бус эрүүл мэндийн тогтолцооны асуудлыг бүхэлд нь авч үзэх өргөн хүрээний асуудал. Цаашлаад эрүүл мэндийн тогтолцоо санхүүжилтийг хэрхэн бэхжүүлж, сайжруулах вэ гэдэг асуудал. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын тогтолцоо, анагаах ухаан, өвчтөний эмчилгээ, санхүүжилтийн асуудалд олон өөрчлөлт, ололт амжилт гарчээ. Одоо дэвшүүлж байгаа, ярьж байгаа, анхаарал төвлөрүүлж байгаа гол асуудал бол энэ эрүүл мэндийн тогтолцоо санхүүжилтийн асуудал. Зарчимын том өөрчлөлтүүд орчихлоо гэж яриад байгаа нь жишээлбэл, 90 онтой харьцуулахад тэр үед зөвхөн улсын төсвийн дан өөрөөр хэлбэл нэг санхүүжилтийн эх үүсвэртэй байжээ. Харин одоо бол ЭМД, хувийн төлбөр гээд хоёр бүр гурван ч эх үүсвэртэй болчихлоо. Үүний үр дүн, өнөөдөр хүн амын эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байна. Өнөөдөр жишээлбэл хувийн санхүүжилт нийт санхүүжилтийн 40 хувьд нь хүрчихлээ. Энэ нь олон улсын жишгээр бол их өндөр хувь. Тэгэхээр хувийн санхүүжилт ийм өндөр байхад тусламж үйлчилгээний хүртээмж буурна, тэгш байдал алдагдана. Төлж байгаа хувийн төлбөр өрхийн орлогод нөлөөлнө. Үүний улмаас иргэд ядуурна. Энэнээс бид сэргийлэх ёстой. Энэ бол одоо бидний ярих ёстой бодлогын хэмжээнд авч үзэх ёстой гол асуудал. Гол зорилго нь ирээдүйд бид яах ёстой вэ гэвэл монгол хүн бүр өөрт шаардлагатай үедээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг, цогц үйлчилгээг авахад ямар нэгэн санхүүгийн саад бэрхшээлгүй байх энэ боломжийг л бид хангах ёстой. Тэгэхээр одоо монгол хүн хөдөө амьдарч байна уу, хотод амьдарч байна уу, хаана амьдарч байгаагаасаа үл хамаараад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийг хөгжүүлэх, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх бүх төрлийн үйлчилгээг чанартай авах ийм боломжтой. Тэгээд энэ үйлчилгээг авсныхаа үр дүнд үнэ санхүүгийн хүндрэлтэй учирч болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энд хувийн төлбөр маш бага байх ёстой л гэсэн үг.
Монголын хөгжлийн туулсан зам, түүний сургамж: 1990 оноос өнөөг хүртэл” эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь хуралдаанд нийгэм, улс төр, боловсролын салбарын өөрчлөлт, чиг хандлагыг хэлэлцэв. “Сант марал” судалгааны төвийн тэргүүн Л.Сумати Монголын нийгмийн сэтгэл зүйн динамик өөрчлөлтийг судалгааны үр дүнд тулгуурлан танилцуулж, шилжилтийн үеийн нийгмийн үнэт зүйлс, хандлагын өөрчлөлтийг тодорхойллоо. МУИС-ийн багш, доктор, профессор (Ph.D), Ж.Төртогтох орчин үеийн Монголын улс төрийн үйл явцад хийсэн дүн шинжилгээг танилцуулж, цаашдын төлөв, сорилтыг тодорхойлсон бол МУИС-ийн дэд профессор, доктор (Ph.D) М.Итгэл боловсролын салбарын 1990–2030 оны хөгжлийг системийн хандлагаар авч үзлээ. Мөн доктор (Ph.D) С.Цэдэндамба төрийн албаны шинэчлэл, төлөвшлийн асуудал, Э.Туул хүний эрхийн хөгжил, хандлагыг тус тус хөндөн ярьсан. Орчин үеийн технологийн нөлөөллийн хүрээнд СЭЗДС-ийн багш Б.Пүрэвнамжил хиймэл оюуны ил тод байдал, итгэлцлийн асуудлыг хөндөж, бодлого, зохицуулалтын шинэ шаардлагуудыг тодорхойлсон нь онцлог байлаа. Хурлын төгсгөлийн хэсэгт МУБИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор С.Энхжин “Нийгмийн хамгааллын хөтөлбөрөөр дундаж давхаргыг дэмжих нь” илтгэлдээ Монгол Улсад дундаж давхаргын төлөвшил, шилжилтийн үеийн нийгмийн өөрчлөлт, тулгамдсан асуудлыг задлан шинжилж, дундаж давхаргыг зөвхөн орлогоор бус боловсрол, ур чадвар, тогтвортой амьжиргаа, нийгмийн оролцооны цогц үзүүлэлтээр тодорхойлох шаардлагатайг онцоллоо. Хурлын үеэр бид доктор, дэд профессор С.Энхжинтэй уулзаж ярилцсан юм. Одоо түүний яриаг хүргэе.
С.Энхжин: 1990 оноос хойших улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилт Монголын дундаж давхаргын бүтцийг үндсээр нь өөрчилсөн. Социализмын үед тогтмол ажил, орлоготой, хамт олонд тулгуурласан “нэгдмэл” дундаж давхарга байсан ч зах зээлийн эдийн засагт шилжсэнээр энэ бүтэц задарч, шинэ дундаж давхарга бүрэлдэх үйл явц эхэлсэн. Зах зээлийн шилжилтийн үед олон хүн ажилгүйдэл, ядууралтай нүүр тулж, дундаж давхаргад хүрэхийн төлөө тэмцэх болсон. Үүнээс үүдэн архидалт, сэтгэл гутрал, нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдсэн. Дундаж давхаргыг зөвхөн орлого, эд хөрөнгөөр хэмжих нь хангалтгүй. Энэ нь нийгмийн асуудалд дүн шинжилгээ хийж, амьдралаа тогтвортой зохицуулах чадвартай, боловсролтой, хариуцлагатай иргэдийн давхарга байх ёстой. Өмнө нь дундаж давхаргыг “орон сууцтай, ажилтай, цалинтай” гэж ойлгодог байсан бол өнөөдөр энэ ойлголт өөрчлөгдөж байна. Орчин үеийн дундаж давхаргын үндсэн шалгуур нь тогтмол орлоготой, хадгаламж, үл хөдлөх хөрөнгөтэй, гэнэтийн санхүү, эрүүл мэнд, ажилгүйдлийн эрсдэлийг давах чадвартай байх, мэргэшсэн ажил, ур чадвартай байх явдал юм.
Хурлын хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаачид болон бодлого боловсруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгааны үр дүнг бодлогын шийдвэр гаргалтад үр дүнтэй ашиглах, Монгол Улсын онцлогт нийцсэн, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн загварыг төлөвшүүлэх шаардлага тулгарч буйг оролцогчид санал нэгтэйгээр тэмдэглэж байлаа. Хурлын үеэр бид залуу судлаач Ж. Санчиртай уулзаж, хурлын талаарх санал бодлыг нь сонирхсон юм.
Ж. Санчир: Би Казахстаны Засгийн газрын зөвлөх хороонд нэг жил орчим ажиллаад саяхан ажлаа хүлээлгэж өгсөн. Монгол Улс 1990 оноос хойш ардчилсан нийгэм бий болгоод зах зээлийн нийгэм рүү шилжсэн. Тэгвэл шилжсэн нь алдаа болсон юм уу оносон юм уу гэдэг асуудлыг институцийн түвшинд, хувь хүмүүсийн түвшинд, судлаач нар ч мөн дахин эргэж хараад байх шиг байна. Тэгэхээр энэ асуудлыг би ерөнхийдөө зөв гэж бодож байна. Сая нэг илтгэгчийн хэлснээр энэ алдаа оноотой асуудлуудаа хэдүүлээ ширээн дээрээ гаргаж тавиад, жоохон бодитойгоор харах хэрэгтэй байна. Бүх юм дардан замаар явна гэдэг асуудлаас зайлсхийгээд хэдүүлээ эрүүл ухаанаар хандъя гэдэг сэдвүүд их хөндөж байгаа нь надад таалагдаж байна. Яг энэ нь алдаа байсан гээд хэлэхээр, бид нар чинь түүхэн давлагаан дотор бид нараас үл шалтгаалах ямар юманд яваад орчихов оо гэдгээ эхлээд маш эрүүлээр дүгнэх шаардлага гарч байгаа юм.

Монгол Улс сүүлийн 35 жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон өөрчлөлт, сорилтыг туулсан ч энэ бүхний дундаас ардчилал, хүний эрх, зах зээлийн тогтолцоогоо төлөвшүүлж, хөгжлийн шинэ боломжуудыг эрэлхийлсээр иржээ. “Монголын хөгжлийн туулсан зам, түүний сургамж: 1990 оноос өнөөг хүртэл” эрдэм шинжилгээний хурлын үеэр эрдэмтэн, судлаачид өнгөрсөн хугацааны алдаа оноог бодитоор дүгнэж, ирээдүйн хөгжлийг шинжлэх ухаан, судалгаа, үндэсний үнэт зүйл, хүний хөгжлийг төвд нь тавьсан бодлогоор тодорхойлох шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Өнөөдрийн Монгол Улсад тулгамдсан асуудал цөөнгүй байгаа ч тэдгээрийг эрүүлээр хэлэлцэж, хамтдаа гарц шийдлийг эрэлхийлж буй нь өөрөө хөгжлийн чухал алхам юм. Судалгаанд суурилсан бодлого, боловсролтой, чадварлаг иргэд, хариуцлагатай институц, хамтын үнэт зүйлс дээр тулгуурласан хөгжил л Монголын ирээдүйн бат бөх суурь байхыг энэ хурал харууллаа. Ирээдүйд Монгол Улс зөвхөн эдийн засгийн өсөлтөөр төдийгүй, хүний хөгжил, нийгмийн хүртээмж, соёл, оюуны дархлаа, даван туулах чадвараараа хөгжих боломжтойг оролцогчид онцолж байв.
Өнгөрснөө шинжлэх ухаанч байдлаар дүгнэж чадсан улс орон ирээдүйгээ илүү зөвөөр бүтээдэг. Тиймээс Монголын хөгжлийн дараагийн алхам мэдлэг, хамтын ажиллагаа, зөв бодлого, хүний хөгжилд түшиглэсэн, илүү тогтвортой, илүү гэрэлтэй ирээдүй рүү чиглэж байна.
Үзсэн: 5427
Tweet