Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзав
Монголбанк дунд, урт хугацаанд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд төв банкны засаглал, эрх зүйн орчны шинэчлэлд онцгой анхаарч байгааг тэмдэглэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний үйлдвэрлэл, санхүүгийн салбарын оролцоо, цаашдын бодлогын чиглэлийн талаар санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүд болон Монголбанк, арилжааны банкны 1300 гаруй төлөөлөл оролцов. Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гадаад, дотоод орчны сорилттой нөхцөлд Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр бодлогын арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тэрбээр эдгээр бодлогын үр дүнд макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдаж, банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд хэвийн түвшинд, эрсдэл даах чадвар тогтвортой байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдэд банкны салбар бодит санхүүжилт, идэвхтэй оролцоогоор дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгосноор самнасан ноолуурын экспорт өссөн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чиглэсэн шинэ үйлдвэрүүд ашиглалтад орж, дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Мөн Монголбанк дунд, урт хугацаанд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд төв банкны засаглал, эрх зүйн орчны шинэчлэлд онцгой анхаарч байгааг тэмдэглэлээ.
Үзсэн: 3246
Tweet