Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 101 жил, “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ой тохиож байна
“МИАТ” ТӨХК-ийн төрийн өмчит компаниудын хэмжээнд алдагдалгүй ажилладаг таван компанийн нэг бөгөөд сүүлийн 16 жилийн турш “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарч байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 101 жил, “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэв. Иргэний нисэхийн салбар цаашид ч аюулгүй, тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, улс орнууд, ард түмнүүдийг холбосон стратегийн гүүр болсоор байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Цар тахлын үед гадаадын улс орнуудаас, хамгийн сүүлд Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотой иргэдээ татан авчирсан нисэхийн салбар, “МИАТ” компанийн хамт олонд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. “МИАТ” ТӨХК нь зорчигч тээвэрлэлтээс гадна ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж, дотоод болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжин, аялал жуулчлал, эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээ хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Агаарын 10 хөлгөөр 15 орны 50 гаруй чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлддэг. Нисэхийн аюулгүй байдлаараа дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үнэлгээ авсан. Мөн төрийн өмчит компаниудын хэмжээнд алдагдалгүй ажилладаг таван компанийн нэг бөгөөд сүүлийн 16 жилийн турш “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарч байна.
Үзсэн: 648
Tweet