Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илрүүллээ
Нэг булшны доторх хэсгээс хавтгай чулууны ард тусгайлан хайрцаглан байрлуулсан газраас өрөмтэй ваарын хэлтэрхий олдсон байна
ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Гол мод хэмээх газраас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илрүүллээ. Тус газарт археологийн малтлага, судалгааны ажил хийж, Монголын эзэнт гүрний үеийн холбогдолтой долоон булшийг малтан судалсан байна. Уг булшнууд өмнө нь тоногдож, сүйтгэгдсэн байсан боловч нэг булшны доторх хэсгээс хавтгай чулууны ард тусгайлан хайрцаглан байрлуулсан газраас өрөмтэй ваарын хэлтэрхий олдсон байна. Энэ нь цэвдэгт хадгалагдсан өрөмтэй ваар илэрсэн тохиолдлын хувьд Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн хоёр дахь дурсгал болохыг судалгааны багийн ахлагч, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан онцоллоо. Тэрбээр 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг уулаас 700-800 жилийн өмнөх үед хамаарах, мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос илэрч байсныг судалгаагаар тогтоосон талаар дурдсан. Малтлага, судалгааны явцад өрөмтэй шаазан ваар, эмээл, дөрөө, амгай бүхий морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадгийн тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйн түүхийг судлахад онцгой ач холбогдолтой олдвор илэрчээ.
Үзсэн: 1100
Tweet