Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга боллоо
Цаст цагаан Этүгэн уул, оройн чимэг Отгонтэнгэр хайрхан нь Хүннү гүрний үеэс тайж тахиж ирсэн Монгол түмний их шүтээн
Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт оршдог Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, “Монголчууд эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай. Мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой их ёслол юм” гэв. Цаст цагаан Этүгэн уул, оройн чимэг Отгонтэнгэр хайрхан нь Хүннү гүрний үеэс тайж тахиж ирсэн Монгол түмний их шүтээн. Өнө эртний тахилгат Отгонтэнгэр уулын цадиг түүх бол эх байгалиа хамгаалах төрийн бодлого, хууль цааз хийгээд төр, шашны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын цогц илэрхийлэл юм. Хүн, байгаль хоёр хүйн холбоотойг танин мэдсэн монголчууд уул, усаа тахин шүтэх уламжлалт зан үйлээрээ дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд төр онцгой анхаарч ирсэн түүхтэй.
Үзсэн: 214
Tweet