“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо
Хөвсгөл нуурыг хамгаалахтай холбогдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход бүх талаар дэмжиж, санаачилга гарган ажиллана гэдгээ тодотгов
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд боллоо. Хөвсгөл нуурын төрийн тахилгыг угтан анх удаа зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо нээж хэлсэн үгэндээ, эрдэм шинжилгээний хурал нь төрийн тахилгат Хөвсгөл нуурыг хамгаалах, экосистемийг тэнцвэрийг хадгалах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, нуурын эргэн тойрны бүс нутгийн хөгжлийн шийдлийг тодорхойлох, зөвлөмж гарган төрийн бодлогод тусгуулах зорилготойг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд онцгой анхаарч, Хөвсгөл нуурын усны чанарыг хамгаалах, эрэг дагуух хог хаягдлыг багасгах, судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй хамгаалах бодлого хэрэгжүүлэхэд цогц арга хэмжээ авч буйг онцоллоо. Цаашид нуур тойрсон сумдын хөгжлийн ерөнхий, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх, нуурыг хамгаалахтай холбогдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход бүх талаар дэмжиж, санаачилга гарган ажиллана гэдгээ тодотгосон юм.
Үзсэн: 244
Tweet