“Хялгасан хуурын уламжлал, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Энэ хүрээнд Соёл урлагийн их сургуулиас “Монголчуудын хуур хөгжмийн зэмсгийн судалгааны сан бүрдүүлэлт” төсөл хэрэгжүүлж байна
“Хялгасан хуурын уламжлал, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монгол Үндэсний номын санд боллоо. Энэхүү хурал нь морин хуурын талаарх судалгааг улам гүнзгийрүүлж, баяжуулахын зэрэгцээ түүний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Соёл урлагийн их сургуулиас “Монголчуудын хуур хөгжмийн зэмсгийн судалгааны сан бүрдүүлэлт” төсөл хэрэгжүүлж байна. СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Морин хуур судлалын төвийн эрхлэгч, доктор Н.Магсаржав, “Одоогийн байдлаар орон нутгийн музейнүүдийн мэдээллийг нэгтгэн үзэхэд 97 орчим хуурын төрөл зэмсгийн бүртгэл мэдээлэл цугларсан байна. Үүнийг бүс нутгаар нь ангилан авч үзвэл, Ойрадын бүс нутаг буюу Увс, Ховд зэрэг баруун аймагт ихэл хуур, Хэнтий, Дорнод, Хөвсгөл зэрэг нутагт сугавч хуур, говийн аймгуудад боржигон хуур, Архангай, Төвийн бүсийн зарим нутагт шанаган хуур зэрэг төрөл зүйл тархсан байна” хэмээн тодотгов. Мөн тэрбээр, “Монголчуудын хуурын төрөл хөгжмийн зэмсгийн судалгааг авч үзэхэд морин хуурын судалгаа харьцангуй түлхүү хийгдсэн. Харин бусад төрлийн хуурын судалгаа орхигдсон тал ажиглагддаг. Тиймээс Морин хуур судлалын төвийн баримталж буй зорилго нь Монголын бүх төрлийн хуурын талаарх мэдээллийн санг бүрдүүлэх явдал юм. Дараагийн шатанд уг мэдээллийг төрөлжүүлэн ангилж, хийц бүтэц, урлал, хөг, дүрслэл, тархалт, түүх, угсаатны зүй болон бусад судалгааны чиглэлээр системтэй болгон судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай гэсэн юм. Морин хуур монголын соёлын нэгэн салшгүй хэсэг төдийгүй бидний үндэсний өв төдийгүй оюуны үнэт өвийн нэг юм. Морин хуурыг зөвхөн хөгжмийн зэмсэг талаас нь бус Монголын түүх, соёл, зан заншил, төрийн ёслол, урлагийн өвтэй нь холбон цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэв.
Үзсэн: 313
Tweet