Монгол Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Канберра хотноо болов
Ирэх онд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг хамтран тэмдэглэнэ
Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт Канберра хотноо болов. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, боловсрол, аялал жуулчлал, иргэд болон консулын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн ирэх онд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, бизнесийн болон соёл, урлагийн арга хэмжээний талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газраас Сидней хотод Ерөнхий консулын газар нээх шийдвэр гаргасан нь хоёр улсын иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэх, консулын үйлчилгээний хүртээмжийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлолоо. Түүнчлэн энэхүү уулзалтаар хоёр тал Монгол, Австралийн харилцааны түвшнийг шат ахиулж “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийг баталгаажуулж, холбогдох баримт бичгийн төслийг эцэслэн тохиролцов. Мөн олон улс, бүс нутгийн нөхцөл байдал, тэр дотор эрчим хүчний зах зээлд тулгарч буй нийтлэг сорил бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй ярилцахын зэрэгцээ НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны дэргэдэх Гамшигтай тэмцэх шуурхай удирдах төв болон Дипломат академиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
Үзсэн: 3483
Tweet