Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-10-2026
Монгол

Шинэ мэдээ

МОНГОЛ, ШИНЭ ЗЕЛАНДЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО


Densmaa 2026-10-09 02:10

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Шинэ Зеландын Гадаад харилцаа, худалдааны яам хоорондын 2 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Веллингтон хотноо зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Далайн орнуудын газрын захирал Г.Баттулга, шинэ зеландын талаас ГХХЯ-ны Хойд Азийн газрын захирал Чарлотте Дарлов нар тус тус тэргүүлж, хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр талууд Монгол, Шинэ Зеландын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, энэхүү зөвлөлдөх уулзалтыг 12 жилийн дараа ийнхүү зохион байгуулж байгааг харилцан онцолж, цаашдын төлөвийн талаар санал солилцов. Тухайлбал, газар хөдлөлтийн үеийн болон урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хөдөө аж ахуйн салбарын хүрээнд хонины ноос хяргах, махны экспортын чадавхыг нэмэгдүүлэх, аль аль улсын газарзүй, байгалийн онцлогт таарсан сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх болон боловсрол, хөгжлийн хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцав.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Шинэ Зеландын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогч орны туршлага, чөлөөт худалдааны хэлэлцээр болон олон талт худалдааны тогтолцооны талаар мэдээлэл өгч, монголын талаас эдийн засгийн хөгжлийн бодлого, арга хэмжээний сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Түүнчлэн талууд бүс нутаг, олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний зах зээлд тулгарч буй нийтлэг сорил бэрхшээлийн талаар санал солилцож, Монгол Улсын Орос, Хятад болон бүс нутгийн бусад түншүүдтэй хөгжүүлж буй харилцаа, Шинэ Зеландын Номхон далайн бүс нутаг дахь бодлого, буцалтгүй тусламж, хөгжлийн хамтын ажиллагааны талаар танилцуулав.
Мөн олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын шинэчлэлийн асуудлаарх хоёр улсын туршлага, байр суурийг харилцан танилцуулж, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, хоёр улсын АСЕАН, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, ФЕАЛАК-ын хүрээн дэх асуудлуудыг хөндөн ярилцав.
Талууд Монгол, Шинэ Зеландын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад бодит агуулгаар баяжуулж, хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын яриа хэлэлцээг тогтмолжуулахын төлөө байгаагаа нотлов.

Үзсэн: 999

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна