НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ХОЁРДУГААР ХОРООНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЛЭЭ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд манай төлөөлөгч үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр дуусах хугацаа хаяанд ирээд байгаа энэ цаг үед ахиц дэвшил, хэрэгжилт хамгийн удаашралтай байгаа асуудлууд, олон улсын дэмжлэг туслалцаа нэн хэрэгцээт бүлэг орнуудын асуудлыг тухайлан хэлэлцэх чухал шаардлагатай байгааг онцлоод хөгжлийн санхүүжилтэд онцгой анхаарах шаардлагатай хоёр асуудлаар санал дэвшүүлэв.
Нэгдүгээрт, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц дахь газрын нөхөн сэргээлт, ган гачигтай тэмцэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд жил бүр 278 тэрбум ам.долларын санхүүжилтийн дутагдалтай тулгарч буйг тэмдэглэж, эл санхүүжилтийн хэрэгцээг нөхөхөд Монгол Улс тус конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг даргалах хугацаандаа газрын нөхөн сэргээлттэй холбоотой хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр конвенцын Талууд болон түншүүдтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хоёрдугаарт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хэрэгсэл байгуулах асуудлаарх Ерөнхий нарийн бичгийн даргын тайлангийн үр дүнд тулгуурлан холбогдох оролцогч талуудыг тус ажлыг бодит үр дүнд хүргэхэд хамтран ажиллахыг уриалав.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам”, “Дөрвөн чөлөөлөлтийн бодлого” нь Тогтвортой хөгжлийн 7, 9 болон 16 дугаар зорилгуудын хэрэгжилтэд гарах ахиц дэвшлийг хурдасгахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж, эдийн засгийн чөлөөлөлт санаачилгын хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн санхүүжилтийг хурдасгагч хэлбэрээр хэрэгжүүлж буй манай улсын бодлого, санаачилгын талаар танилцуулав.
Үзсэн: 1639
Tweet