Монгол, Германы боловсролын харилцааны 100 жилийн ойг тэмдэглэв
Монгол Улсын түүхэнд Германд суралцаж, мэдлэг, ур чадвар эзэмшин эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан төгсөгчдийн оролцоо чухал байр суурь эзэлдэг билээ
ГХЯ, "Монгол–Германы Гүүр" ТББ хамтран Монгол, Германы боловсролын харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд хүндэтгэлийн хурал зохион байгууллаа. Уулзалтаар Монгол-Германы боловсролын харилцааны түүхэн замнал, Монгол Улсын хөгжил дэвшилд Германд суралцсан монгол төгсөгчдийн хувь нэмэр, инженер, техник, технологийн салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ. Хурлыг нээж ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ш.Одонбаатар нар үг хэллээ. Хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол–Германы Парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа хоёр улсын улс төр, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Монгол–Германы боловсролын харилцааны 100 жилийн түүхэн дэх инженерүүдийн хувь нэмрийн талаар илтгэл хэлэлцүүллээ. Монгол Улсын түүхэнд Германд суралцаж, мэдлэг, ур чадвар эзэмшин эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан төгсөгчдийн оролцоо чухал байр суурь эзэлдэг билээ.
Үзсэн: 461
Tweet