Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн эмэгтэй парламентчид дуу хоолойгоо нэгтгэж байна


Densmaa 2026-10-12 05:10

Дэлхийн эмэгтэй парламентчид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн бодит нөлөөлөл, манлайллыг нэмэгдүүлэх арга замыг хэлэлцлээ.

     Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалтад 20 гаруй орны парламентын төлөөлөгчид оролцож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцана. 

БНПУ-ын Сеймийн гишүүн, Парламентын Эмэгтэйчүүдийн эрхийн бүлгийн дарга Ванда Новицка:

    Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын асуудлаарх энэхүү чуулга уулзалтад нь дэлхийн өнцөг булан бүрээс эмэгтэйчүүд цуглаж, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар бид өнөөдөр ямар түвшинд хүрээд байгаа, цаашид ямар ахиц дэвшил гаргах шаардлагатай талаар хэлэлцэх сайхан боломж юм. 1995 онд болсон Бээжингийн Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн бага хурлаас хойш нэлээд ахиц дэвшил гаргасан. Тус бага хурлаар анхаарал хандуулах шаардлагатай 12 гол чиглэлийг тодорхойлсон билээ. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны хүрээнд хийх ажил их хэвээр байна. Эмэгтэйчүүд улс төрд оролцож байгаа ч тэдний төлөөлөл хангалтгүй хэвээр байна.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй энэхүү форум энэ үйл явцад хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудал, шийдвэрлэх шаардлагатай сорилт бусад олон салбарт ч бий. Харин Польш дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар онцлон ярихад, бид тодорхой амжилтад хүрсэн. Манай улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх квотын зохицуулалттай бөгөөд парламентдаа эмэгтэй гишүүдтэй. Гэвч парламентын гишүүдийн 30 хувиас илүүгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бид эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, төлөөллийг илүү нэмэгдүүлж, дор хаяж 50 хувьд хүргэхийг зорьж байна. Түүнчлэн удирдах болон шийдвэр гаргах түвшний чухал албан тушаалыг эмэгтэйчүүд тэр бүр хашиж чадахгүй хэвээр байна. Гэхдээ манай улсын хувьд гурван эмэгтэй Ерөнхий сайдтай байсан нь тодорхой амжилт юм. Мөн Польшид эмэгтэйчүүдийн хөдөлгөөн маш хүчтэй. Бид эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхийн төлөө сайтар хүчин чармайлт гаргаж, улсын бодлого тодорхойлох үйл явцад, тэр дундаа эмэгтэйчүүдэд шууд хамааралтай асуудлаарх бодлого, шийдвэрт тэдний дуу хоолой, нөлөөллийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Би мөн Парламентын Үндэстний болон угсаатны цөөнхийн асуудал эрхэлсэн комиссын даргаар ажилладаг. Польш улсад үндэстний болон угсаатны есөн цөөнх бүлэг байдаг бөгөөд тэдгээрийн эрхийг хангах хэрэгтэй. Гэсэн хэдий ч зарим цөөнхийн төлөөлөлийн зүгээс төрөөс үзүүлж буй дэмжлэг хангалтгүй байна гэж үзэх тохиолдол бий. Манай комисс эдгээр цөөнхийг Польш улсын иргэний хувьд эрхээ бүрэн эдлэхийн зэрэгцээ үндэсний онцлог, соёл, уламжлалаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Тухайлбал, Польшид герман, литва, беларусь, орос, еврей зэрэг үндэстний болон угсаатны цөөнх бий. Бид тэдгээрийн үндэсний онцлог, соёлын өвийг хүндэтгэн хамгаалж, ялангуяа боловсролын салбарт үүнийг хангахад онцгой анхаарч байна. Монголын эмэгтэйчүүдийн хувьд маш идэвхтэй, нийгэмд эзлэх байр суурь, оролцоо нь илт харагддаг бөгөөд эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын төлөө тууштай ажиллаж байгааг би харж байна. Тиймээс Монголын парламентын гишүүдтэй цаашид хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их боломж байна гэж үзэж байна. 

БНТУ-ын Үндэсний их хурлын гишүүн Фатма Өнжү:

     Юуны өмнө биднийг эх орондоо халуун дотноор хүлээн авч буйд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Танай улс үнэхээр үзэсгэлэнтэй, соёлын баялаг өв уламжлалтай, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, оролцоо өндөр ач холбогдолтой орон юм. Олон улсын эмэгтэй парламентчдын хувьд бидний үндсэн зорилго бол парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх явдал юм. Ийм төрлийн арга хэмжээний хамгийн чухал ач холбогдол нь бусад улсын парламентуудад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, сайн туршлагыг харилцан хуваалцахад оршдог. Өнөөдөр бид дэлхийн олон орны эмэгтэй төлөөлөгчдийн байр суурь, туршлагатай танилцлаа. Тэдгээр улс оронд эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг хэрхэн нэмэгдүүлж байгаа, өдөр тутмын амьдрал болон хөдөлмөр эрхлэлт дэх оролцоог нь ямар бодлого, арга хэмжээгээр дэмжиж байгааг сонсох нь маш үнэ цэнтэй байлаа. Бид олон чиглэлээр шинэ мэдээлэл, туршлага олж авсандаа баяртай байна.

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө улс төрийн салбар өнөөг хүртэл эрэгтэйчүүдийн давамгайлсан тогтолцоотой байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэхүү тогтолцоог өөрчлөхийн тулд улс орон бүр эмэгтэйчүүдийн төлөөллийн квотыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 50 хувьд хүргэх зорилт тавьж, бүх улс төрийн намд энэ квотыг хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр бид тэгш эрхтэй, шударга, хүн бүрийн оролцоог хангасан улс төрийн тогтолцоог бүрдүүлж чадна. Учир нь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь дэлхий ертөнцийг өөрчлөх, илүү шударга нийгмийг бий болгох, ирээдүй хойч үедээ илүү сайн амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй. Улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг асар их. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжил болон бусад бүх салбарын өөрчлөлт, дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоо чухал байр суурь эзэлдэг. Эмэгтэйчүүд боловсрол эзэмшихийн зэрэгцээ улс төрийн шийдвэр гаргах түвшинд төлөөлөлтэй байх нь тухайн улсын ирээдүйн хөгжилд онцгой ач холбогдолтой. Иймээс энэ зорилтыг бодит ажил хэрэг болгохын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, улс орон бүр сонгуулийн хуульдаа эмэгтэйчүүдийн 50 хувийн төлөөллийн квотыг тусган хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүн Сүзүки Такако:

     Парламент бол “нийгмийн толь” байх ёстой гэж боддог. Энэ дэлхийд эрэгтэй хүн гэж байдаг бол эмэгтэй хүн ч бас бий. Залуучууд гэж байдаг бол амьдралын арвин туршлагатай настай хүмүүс ч бас байдаг. Ийм хүмүүс Парламентад цугларч, асуудлаа ярилцаж байвал илүү сайхан нийгмийг бий болгоно. Тэр утгаараа энэ ОУ-ын хурал зохион байгуулагдаж байгаа юм. Мөн шийдвэр гаргах байгууллагын эмэгтэйчүүдийн оролцооны ач холбогдлын талаар ярилцахаар Дэлхийн эмэгтэй парламентчид цугларсан байгаад гол учир оршиж байна.

Монголын Парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 25 хувь байдаг бол Японы Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо 20 хувийг эзэлдэг. Миний бодлоор, ГХЯ-ны сайдын ажлыг олон жил эмэгтэй хүн гүйцэтгэж байгаа гэх мэт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо их байгаа нь Монголын сайн тал гэж бодож байна.

Японы Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо 30 хувь ч хүрэхгүй байгаа нь том асуудал. Би өөрөө Парламентын гишүүн бас хоёр хүүхэд өсгөж буй эх хүн. Миний улс төр дэх байр суурь, үйл ажиллагаа олон эмэгтэйчүүдийн урам, эрч хүч болж байгаа гэж найдан, хичээж явна.

Беларусь Улсын Үндэсний Ассамблейн Бүгд Найрамдах Улсын Зөвлөлийн гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, нийгмийн хөгжлийн байнгын хорооны дарга Наталья Викторовна Павлюченко:

      Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэй хүн байна гэдэг бол нийгэмд тулгамдаж байгаа бүх асуудалд онцгой анхаарал хандуулж байна гэж ойлгож болно. Үүнд боловсрол, эрүүл мэнд, манай нийгмийн хөгжлийн түвшин зэрэг асуудал багтдаг. Эмэгтэй хүн парламентад сууна гэдэг бол улс орныхоо төлөө, нийгмийн болон манай хойч ирээдүйн үеийн асуудлыг шийдэхэд том үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.

Беларусь улсын Үндэсний цуглаан дахь эмэгтэйчүүд нийт гишүүдийн 33 гаруй хувийг эзэлж байна. Энэ бол том дэвшил юм. Анх эмэгтэйчүүд зөвхөн 14 хувийг л эзэлдэг байсан. Жил ирэх тусам тэдний тоо нэмэгдсээр байна. Мөн бусад салбарт ч гэсэн эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх болсон. Жишээ нь, эдийн засгийн салбарт л гэхэд талаас илүү хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Удирдах албан тушаалтнуудад хоёр хүний нэг нь эмэгтэй хүн байна. Боловсролын хувьд Беларусь улсад амьдарч байгаа эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь дээд болон тусгай дунд боловсролтой.

Кени улсын Үндэсний Ассамблейн гишүүн Марта Вангари:

     Би 2013 оноос хойш парламентын гишүүнээр ажиллаж байна. Миний хэлэхийг хүсэж буй зүйл бол эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлууд дэлхий даяар нийтлэг байдаг. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны тухайд хамгийн түрүүнд хүйсээр нь ялгаварлахад чиглэсэн халдлагуудыг дурдах хэрэгтэй. Ялангуяа хиймэл оюун ухаан болон нийгмийн сүлжээ хөгжсөн өнөө үед бид эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн цахим халдлага, өдөөн турхиралттай ихээр тулгарч байна. Гэтэл ийм асуудлыг шийдвэрлэхэд одоогийн хууль тогтоомжууд хангалтгүй байгаа нь анхаарах ёстой асуудлуудын нэг.

Улс төрд ажиллахын давуу тал нь чухал шийдвэрүүдийг гаргах үйл явцад оролцох явдал юм. Зөвхөн эмэгтэйчүүдийн олж харж чаддаг асуудлууд гэж бий. Тухайлбал, төсөв хуваарилахад эмэгтэйчүүдийн өнцөг маш чухал гэж боддог. Тэд нийгмийн чухал асуудлуудад өөр өнцгөөс хандаж, төсөв, бодлогын шийдвэрт нөлөөлж чаддаг. Тухайлбал, боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн дархлаажуулалт, ХДХВ-ийн халдвартай хүмүүст эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд улсын төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө хуваарилахыг шийдэхэд эмэгтэй парламентчид дуу хоолойгоо хүргэж, нөлөө үзүүлэх боломжтой.

Би өөрөө хууль санаачилж, Ерөнхийлөгчөөр батлуулсан анхны эмэгтэй гишүүн. Эмэгтэй гишүүдийг бүрэн оролцуулж байж л орон нутгийн ассамблейг байгуулах хууль батлуулсан. Энэ өөрчлөлт зөвхөн хууль тогтоох байгууллагаар хязгаарлагдаагүй. Өнөөдөр манай шүүх засаглалыг эмэгтэй хүн тэргүүлж байна. Дэд тэргүүн нь мөн эмэгтэй. Дээд шүүхийн бүртгэгчийн албыг ч эмэгтэй хүн хашиж байна. Өөрөөр хэлбэл, шүүх засаглалын хамгийн өндөр түвшний гурван албан тушаалыг эмэгтэйчүүд хашиж байгаа юм. Цаашдаа гүйцэтгэх засаглалд ч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Бид 50:50 гэсэн тэнцвэрийг бий болгохыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, томилгоогоор бүрддэг албан тушаалуудад эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн төлөөлөл тэнцүү байх ёстой.

Эцсийн дүндээ тоо чухал. Учир нь энэ нь нийгэм дэх хүмүүсийн ойлголт, хандлагад нөлөөлөхөөс гадна залуу үеийнхэнд ч эмэгтэйчүүд өндөр албан тушаал хашиж, удирдагч болж чадна гэдгийг харуулж, тэдэнд урам зориг өгнө.

Ер нь нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь оролцох ёстой. Жендэрийн тэгш байдал гэдэг нь ийм утгатай. Тэгш байдал болон эрх тэгш байдлын ялгааг би ихэвчлэн нэг жишээгээр тайлбарладаг. Хөлбөмбөгийн тэмцээнийг цэнгэлдэх хүрээлэнд үзэж байна гэж төсөөлөөд үзье. Би танаас намхан байлаа гэж бодъё. Хэрэв бидэнд дээр нь гишгэж зогсох ганцхан хайрцаг байвал тэр хайрцгийг өндөр хүнд биш, намхан хүнд өгөх хэрэгтэй. Ингэснээр би ч бас таны адил тоглолтыг саадгүй үзэж чадна. Өөрөөр хэлбэл, боломж, нөхцөл нь доогуур байгаа хүмүүсийг бусадтай ижил түвшинд хүргэхэд нь дэмжих тухай юм. Ингэж байж бид тэгш оролцоог бий болгож чадна.

Үзсэн: 101

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна