“Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж”
Дэлхий дээр модон барын соёл уламжлалтай долоон улс байдаг
“Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн салбар номын санд эхэллээ. Олон улсын эрдэмтэн судлаачид, куратор, номын сан болон соёлын өвийн мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, модон бар хэвийн баримтат өвийг хадгалж хамгаалах шилдэг сайн туршлага, шинэ тутам гарч ирж буй орчин үеийн технологи, арга зүй болон хамтын ажиллагааны нэгдсэн стратегийн талаарх салбар хоорондын хэлэлцүүлэгзохион байгуулж байна. Мөн гар бичмэл, модон барын хэвлэмэл ном судрын өвийн судалгааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болох юм. Дэлхий дээр модон барын соёл уламжлалтай долоон улс бийгээс олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Солонгос, Япон, Герман, Вьетнам гэсэн таван орны төлөөлөл, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна. Тухайлбал, Вьетнамаас ирсэн төлөөлөгчдийн дунд хэдэн үеэрээ модон бар хийж, энэ уламжлалыг өнөөг хүртэл хөгжүүлэн авч явж буй хүмүүс байна. Харин Солонгосын судлаачид модон барыг олон улсын хэмжээнд хэрхэн бүртгэлжүүлэх, хадгалж хамгаалах, модон барын хадгалалтад ямар хүчин зүйлс чухал болох, энэ уламжлалыг цаашид хэрхэн хөгжүүлж, өвлүүлэн үлдээх талаар нарийн мэргэшсэн судалгаа хийдэг эрдэмтэд иржээ. Мөн Японоос ирсэн эрдэмтэн модон барын химийн технологи, хийц, хэлбэр зэрэг асуудлыг нарийвчлан судалдаг аж. Ийнхүү модон барын чиглэлээр төрөл бүрийн нарийн мэргэшсэн эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирж, өөр өөрийн судалгааны үр дүнгээ танилцуулж байна.
Үзсэн: 2570
Tweet