Дэлхийн сансрын 7 хоног-2026
“Дэлхийн сансрын 7 хоног” энэ жил “Пуужингийн хувьсгал” сэдвийн хүрээнд явагдаж байна.
Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ улс орон даяар болж байна.
Энэ жил гэр бүлийн оролцоог онцгойлон дэмжин хүүхэдтэйгээ хамт шинжлэх ухаан, технологийг сонирхох, туршиж үзэх, шинэ зүйл бүтээх боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд үзүүлэн, тайзны хөтөлбөр, workshop, hands-on үйл ажиллагаа зэрэг сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулж, хүүхэд, өсвөр үеийнхний шинжлэх ухаан, технологийн талаарх сонирхол, бүтээлч сэтгэлгээг нь дэмжиж буй юм. Та бүхэнд тодорхой ойлголт өгөх үүднээс Дүдү-гийн үүсгэн байгуулагч, дэлхийн сансрын 7 хоног байгууллагын Монгол дахь зохион байгуулагч Д.Мөнхтулгатай уулзсан юм.
Д.Мөнхтулга: Монголын радиог сонсож байгаа нийт сонсогч нартаа “Дэлхийн сансрын 7 хоногийн баярын мэндийг хүргэе! Өнөөдөр дэлхийн 100 гаруй улс орон “Дэлхийн сансрын 7 хоног”-ийг нэгэн зэрэг тэмдэглэж байна. Манай орон 5 дахь удаагаа тэмдэглэж байна. Оролцогчдын оролцоо гэхээсээ чанар гэж хэлбэл илүү оновчтой байх болов уу. Урьд нь анги хамт олноороо төлөвлөж байж бөөнөөрөө ирдэг байсан бол өдгөө найз нөхөд, гэр бүл болох аав, ээж нарынхаа хамтаар хүүхдүүд маань ирж оролцдог боллоо. 2024 оноос “Дэлхийн сансрын 7 хоног” улс орон даяар зэрэг болдог болсон нь сайшаалтай. 2025 оны Сансрын 7 хоног “Сансарт амьдрахуй” дор нэгдсэн бол энэ 2026 оны уриа нь: "Пуужингийн хувьсгал” нэрийн дор явагдаж байна. Энэ нь шинжлэх ухаан 2 тал руу хөгжиж буйг харуулж байгаа юм. Нэг нь дотогшоо магадагүй атом, молоекул, бөөм, бүр нано технолги гээд илүү дотогшоо шилждэг бол шинжлэх ухааны нөгөө үзүүр нь гадагшаа хөгжиж байдаг. Үүний шууд илэрхийлэл нь пуужин хэмээн ойлгож болно. Энэ жил пуужингийн хувьсгалын 100 жилийн ой тохойж байна. Маш олон сансрын агентлагууд, улс орнууд энэ ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Бид өнөөдөр оролцогч, зочин хүүхдүүдээрээ маш олон пуужинг хийлгэж байна. Материал нь энгийн кардонон цаас, хуванцар сав, хүнсний соруул мэт болов ч хийх арга, аргачлалтай танилцах нь тэдний хувьд оюуны бас нэгэн хувьсгал юм. Бидний зүгээс хүүхдүүдэд хатуу түлшээр ажиладаг пуужин хийж турших боломжийг ч бид олгоод байна.

Үйл ажиллагаатай холбоотой сонирхолтой баримтуудаас:
- Сансрын 7 хоногийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд зарласан бөгөөд жил бүр 10-р сарын 4-10-ны хооронд тэмдэглэдэг.
- Яагаад энэ өдрүүд гэж? 1957 оны 10-р сарын 4-нд хүн төрөлхтний анхны хиймэл дагуул "Спутник-1" хөөрсөн, 1967 оны 10-р сарын 10-нд Сансрын тухай гэрээ хүчин төгөлдөр болсон түүхэн өдрүүдийг холбосон юм.
- 2026 оны уриа: "Rocket Revolution" Пуужингийн хувьсгал. Энэ нь дахин ашиглах боломжтой пуужин, шинэ технологиуд сансарт хүрэх замыг хэрхэн өөрчилж байгааг судлах сэдэв юм.
- Энэ бол дэлхийн хамгийн том сансрын арга хэмжээ. Өнгөрсөн жил 100 гаруй оронд 50,000 орчим арга хэмжээ зохион байгуулагдаж, түүхэн дээд амжилт тогтоожээ.
Энэ удаагийн Сансрын 7 хоног арга хэмжээг Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Монголын Скатуудын холбооны гишүүн Маралмаа: Манай холбооны гишүүд EduPark , Дүдүтэй хамтран “Дэлхийн сансрын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж хамтран ажиллаж байна. Яг энэ цэг дээр одоо 10 гишүүн хүүхэд 3 ахлагчийн хамтаар ажиллаж байна. Бидний зарим нь морз кодны өртөө буюу нууц дохио тэмдэгтийн өртөөг хариуцаж байгаа бол бусад нь цахилгаан хог хаягдлын өртөөн дээр ажиллаж байна.

2026 он бол Монголын анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэний 45 жилийн ойн жил. Монголын анхны хиймэл дагуул "Мазаалай" тойрог замд орсны 9 дэх жил тохиож буй юм. Монгол дахь зохион байгуулагч Мөнхтулгын яриаг үргэлжлүүлэн хүргэе!
Д.Мөнхтулга: Бидний зүгээс хүүхдүүдэд ирээдүйд та бүхний хүрэх газар, судлах, зохион бүтээх, турших тэр их орон зай, ирээдүй чинь сансар юмаа гэдгийг л сануулаад байгаа юм. Өнөөдөр бид сансар огторгуйн тухай ярих болоход нийт масс маань биднийг юун сансар огторгуй вэ? Модон жорлонгоосоо салаагүй байж гэдэг. Гэтэл энгийн жорлонгийн тоогоороо Энэтхэг улс тэргүүлэх болов ч тэд хамгийн бага зардлаар сарны хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн. Нэг үгээр хэлбэл хамгийн бага зардлаар маш үр дүнтэй ажиллаж болдогийг Энэтхэгчүүд дэлхий дахинаа харуулж чадлаа. Монголчууд бид дэлхийн улс орнуудтай ижил түвшинд хүрэхийн тулд хүссэн ч эс хүссэн ч сансрын орон зайд хүрэх шаардлага бий болоод байна. Энд хэдэн пуужин хөөргөөд, хэдэн арван инженер техникийн ажилтан бэлтгэхээс тэс өөр ойлголт. Сэтгэл зүйгээс гадна сансрын хоол, хүнс гэдэг нээлттэй, хамгийн том салбар бидний өмнө, биднийг хүлээж байна. Одоогоос 3 жилийн өмнө сансрын нэгэн чуулганд Болгараас 21 настай залуу оролцсон юм. Тэдний гэр бүл хүнсний бизнес эрхэлж байгаад улмаар бизнесээ сансрын хоол руу чиглүүлжээ. Тэд сансрын нисгэгчид сансарт идэж болох хамгийн шим тэжээлтэй хоол хүнсний орц болох ургамал, үр тариаг яриад явж байнаа гэдэг нь гайхалтай байна. 2024 онд марс нийгэмлэгийн 6 залуу Монгол улсаас анх удаа Марсын цөлийн судалгааны төвд 14 хоногийн хөтөлбөрт хамрагдлаа. Түүнд Монгол малын мах, Монголын хөрсөнд ургасан хүнсний ногоог Тэсо компанийн нэвтрүүлсэн гүн хөлдөөж хатаах гэдэг технолгиор хийсэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж туршсан, туршилт маш амжилттай болсон. Хүн төрөлхтөн марсыг эзэмших гэж байна. Өнөөдөр хамгийн том буюу 124 метрийн урттай пуужинг бүтээж улмаар дэлхийн тойрог замд оруулж амжилттай туршаад байна. Тэд 2028 онд сарны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. 2030 он гэхэд хүн төрөлхтөн Марс гараг дээр хөл тавих гээд дэлхийд олон үйл явдал өрнөж байна. Хүүхэд залуучууд маань энэ зүгт анхаарлаа хандуулаасай, сонирхоосой гэдэг санаа, сэдлийг бид төрүүлж буй юм.

EduPark д зохиогдож буй дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ, үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй явагдаж байгаагаарай онцлог юм. Энэ зүгт найз нөхөд, анги хамт олон, гэр бүлийн гишүүд олноороо зорьсон, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүүхдүүд үзэж сонирхоод өнгөрөх бус өөрийн гараар бүтээх, задлах угсрах, туршилт гээд бүхийл үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байгаа нь тэдний сонирхолыг ихэд татаж байв. Сансрын 7 хоногийн ирээдүй тэдний гарт байна.
Хүүхдүүдийн төлөөлөл: Маш гоё байна. Би цахилгаан хэрэгсэлийг задалж доторх зүйл, эд ангийн сонирхож байна. зарим нь буцааж угсарахад төвөгтэй болжээ. Би худалдагчийн хэрэглэдэг касс машины эд ангийг задалж байна. Их сонирхолтой байна. Пуужин бас хийж хөөргөж үзсэн, их сонирхолтой байлаа.

Д.Мөнхтулга: Энд хүүхдүүд маань сансрын нисгэгчийн анхны шалгалт өгч байна, жижиг пуужингууд хөөргөж байна зэрэг маш олон туршилтуудыг хийж байна. Энэ нь хүүхдүүдийг сансарт дурлуулаад, хүүхэд бүрийг сансрын нисгэгч болгох гээд байгаа хэрэг огт биш. Ирээдүйд хамгийн эрэлттэй байх, хэрэгцээтэй байх цоо шинээр бий болох ажил мэргэжлүүдийн суурь ур чадвар, боловсрол буюу шинжлэх ухаан, технологи, инженеринг, урлаг, гоо зүй үүнд бас орж байгаа шүү. Тэгээд математик гэсэн ур чадварыг хүүхдүүдэд ярьж биш гар бие оролцуулж хийлгэж байгаа юм. Энд хүүхдүүд маань пуужин хөөргөж байна. Пуужин нь бус пуужингийн оройн хөөрөөд явчихаж байна. Үүнийгээ харсан, мэдсэн хүүхдүүд маань бүтэлгүйтсэн оролдлогоо дахин засаж пуужингаа амжилттай хөөргөж байна. Бусдын амжилтаас суралцаж байна. Өөрийнхөө пуужингаа засаж сайжруулж байна. Энэ нь энэхүү хөтөлбөрийн салшгүй хэсэг болж байгаа юм. Бидний гадаад харилцаа амжилттай өргөжиж буй. Биднээс суралцдаг улс орнууд ч олон байна. Бид өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Үүний үр дүнд бид нийслэл төдийгүй 21 аймгийнхантайгаа хамтран ажиллах бололцоо бүрдсэн. Өнөөдрийн “Дэлхийн сансрын 7 хоног” улс орон даяар нэгэн зэрэг болж буйн үүний үр дүн юм. Бидэнтэй хамтарч сайн дурын байгууллагын 600 гаруй гишүүн ажиллаж байна. Нийслэлд 100, хөдөө орон нутаг, нэг аймагт 20-30 сайн дурын гишүүд ажиллаж байна. Ирэх жилийн 5 дугаар сарын 8-9-ны өдрүүдэд манай улсад бүтээгчдийн олон улсын арга хэмжээ болно.
Сансрын 7 хоног хүүхдүүдийн сонирхолыг татахаас аргагүй юм гэдгийг хэн ч хараад л ойлгохоор байлаа. Шөнийн тэнгэрт ярайсан одод тэдний хүсэл мөрөөдлийг дуудаж байна, тэдний далд сонирхолыг өдөөж байна, тэр зүгт нисэх хүсэл өөрийн эрхгүй хүүхдүүдийг сансрын хөлөг бүтээхэд хүргэж байна. Монгол улсад сансрын технолгийг эзэмших, судлах, энэ чиглэл рүү хүүхэд залуучуудыг хөгжүүлэх бүрэн боломж байгааг зохион байгуулагчид ярьж байна.
Үзсэн: 2378
Tweet