Солонгос судлалын төв хүрээлэнгийн Жансогаг сан хөмрөгт зочлов
Дэлхийд ганц хувь хадгалагдаж буй Монголын Юань гүрний сүүлчийн хууль зүйн эмхэтгэл болох “Чжичжэнгийн хуулийн бичиг”-тэй танилцаж, нэн ховор уг түүхэн эх сурвалжийг эх орондоо авчрах талаар ярилцав
Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд Солонгос судлалын төв хүрээлэнгийн Жансогаг сан хөмрөгт зочилж, Ерөнхий эрхлэгч Жон Ын Жүтэй уулзав. Энэ үеэр дэлхийд ганц хувь хадгалагдаж буй Монголын Юань гүрний сүүлчийн хууль зүйн эмхэтгэл болох “Чжичжэнгийн хуулийн бичиг”-тэй танилцаж, нэн ховор уг түүхэн эх сурвалжийг эх орондоо авчрах, эрдэмтэн судлаачид, олон нийтэд танилцуулах боломжийн талаар санал солилцов. Тус эрх зүйн баримт бичиг “Чжичжэнгийн хуулийн бичиг”-ийг Юань улсын Тогоонтөмөр хааны оны цол болох Чжичжэнгийн 5 дугаар он буюу 1345 оны 11 дугаар сард эмхэтгэн, 1346 оноос даган мөрдөж эхэлжээ. Уг баримт бичгийг Курё улсын сүүл үеэс мөрдөж, улмаар Жусонь улсын үед хууль эрх зүйн гарын авлага болгон өргөнөөр ашиглаж ирсэн, Монгол, Солонгос хоёр орны олон зууны түүхэн хэлхээ холбоог гэрчлэх үнэ цэнтэй баримт бичиг төдийгүй Монгол судлалын чухал эх сурвалж юм. “Чжичжэнгийн хуулийн бичиг” 2003 онд Кёнжү хотын Яндун тосгоны Сун овогтын гэрээс анх олдсон байна.
Үзсэн: 235
Tweet